Орон сууцны захиалгын гэрээг ирэх сарын 16-наас бүртгэхээр төлөвлөжээ
Иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргаснаас хойш хоёр өдрийн дотор тухайн орон сууц өмнө нь захиалгатай эсэх мэдээллийг авах боломж бүрдэнэ.

Орон сууцны захиалгын гэрээг улсын бүртгэлд урьдчилан бүртгэх зохицуулалтыг ирэх сарын 16-наас хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Энэ нь нэг орон сууцыг олон иргэнд давхардуулан худалдах, захиалгын гэрээтэй холбоотой залилангийн эрсдэлийг бууруулахад чиглэж байна.
УИХ-аас өнгөрсөн долоодугаар сарын 2-нд баталсан "Засгийн газарт чиглэл өгөх тухай" 53 дугаар тогтоолын хүрээнд орон сууцны захиалгын бүртгэлийн зохицуулалтыг боловсруулжээ.
Шинэ зохицуулалтаар орон сууцны захиалгын гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж, тухайн орон сууц өмнө нь захиалгатай байсан эсэхийг шалгуулах боломжтой.
Хүсэлт гаргаснаас хойш хоёр өдрийн дотор холбогдох мэдээллийг өгч, захиалгын гэрээг бүртгэлд тэмдэглэхээр төлөвлөжээ.
Мөн нэг орон сууцанд давхар захиалга хийсэн байж болзошгүй нөхцөл илэрвэл ажлын таван өдрийн дотор цагдаагийн байгууллагад мэдэгдэх зохицуулалт хэрэгжих юм.
Орон сууцны захиалгатай холбоотой мянга орчим иргэн УИХ-д гомдол гаргажээ
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2025 оны арванхоёрдугаар сараас эхлэн орон сууц захиалж, хохирсон мянга орчим иргэн өргөдөл, гомдол ирүүлсэн байна.
Эдгээр иргэний зарим нь орон сууц худалдан авахаар урьдчилгаа төлбөр төлсөн ч байрандаа орж чадаагүй, эсвэл захиалгын гэрээ болон өмчлөх эрхийн маргаан олон жил шийдвэрлэгдээгүй талаар ханджээ.
Өргөдлийн байнгын хорооноос иргэдийн гомдлыг судлах, холбогдох төрийн байгууллага болон мэргэжлийн холбоодын мэдээллийг сонсох, хохирсон иргэдтэй уулзах зэрэг ажлыг зохион байгуулсан байна.
Үүний дараа ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцүүлж, Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын 53 дугаар тогтоолыг батлуулсан байдаг.
Давхар захиалгын эрсдэлийг бууруулна
Орон сууцны захиалгын гэрээг урьдчилан бүртгэдэг болсноор худалдан авагчид гэрээ байгуулахдаа тухайн орон сууц өмнө нь захиалга авсан эсэхийг шалгуулах боломж бүрдэх юм.
Энэ нь нэг орон сууцыг давхардуулан худалдах эрсдэлийг эрт илрүүлэх, худалдан авагчдын эрх ашгийг хамгаалахад ач холбогдолтой аж. Шинэ зохицуулалт хэрэгжсэнээр иргэд орон сууц захиалахдаа бүртгэлийн мэдээллийг урьдчилан шалгуулах нэмэлт боломжтой болох ч барилгын компанийн гэрээний үүрэг, барилгын ашиглалтад орох хугацаа болон бусад эрсдэлийг мөн нягтлах шаардлагатай хэвээр байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





