Австралийн 188 жилийн түүхтэй “David Jones” сүлжээ дампуурахын ирмэг дээр байна
Австралийн их дэлгүүрийн сүлжээнүүдийн нэг “David Jones” санхүүгийн хүндрэлд орж, сайн дурын захиргааны удирдлагад шилжсэн ч дэлгүүрүүд нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

Австралийн 188 жилийн түүхтэй их дэлгүүрийн “David Jones” сүлжээ өндөр өртөг өсөхийн хэрээр жижиглэн худалдааны борлуулалт суларч, нийлүүлэлтийн сүлжээний хүндрэл үүссэнээс шалтгаалан арваннэгдүгээр сарын 5-нд сайн дурын захиргааны удирдлагад шилжлээ.
Компанийн 38 дэлгүүр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд “FTI Consulting” бизнесийн үйл ажиллагаанд хяналт тавьж, “McGrathNicol” шинэ хөрөнгө татах эсвэл компанийг бүхэлд нь худалдах ажиллагааг удирдана. 1838 онд Сидней хотод байгуулагдсан “David Jones” нь дэлхийн хамгийн удаан хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй их дэлгүүрийн сүлжээ хэмээн өөрийгөө тодорхойлдог. Гэвч сүүлийн арав гаруй жилийн хугацаанд цахим худалдааны өсөлт, түргэн загварын хувцасны брэндүүдийн өрсөлдөөн уламжлалт бизнесийн загварт нь хүндрэл учруулжээ.
Тус сүлжээг 2023 онд хувийн хөрөнгө оруулалтын “Anchorage Capital Partners” компани Өмнөд Африкийн “Woolworths”-оос худалдан авсан юм. Мөн “Westfield” худалдааны төвүүдийг эзэмшдэг “Scentre Group” компани “David Jones”-д дэмжлэг үзүүлэх санал тавьсан ч эзэмшигч нь хүлээн аваагүй талаар ABC News мэдээлжээ. “David Jones” нь “Westfield”-ийн 17 байршилд дэлгүүртэй. Компанийн гүйцэтгэх захирал Эрика Берхтолд бизнесийг шинэчлэх төлөвлөгөө боловсруулсан бөгөөд холбогдох талуудтай хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Цаашид шинэ хөрөнгө оруулагч олох эсвэл бизнесийг худалдах хэлцлийн үр дүнгээс компанийн ирээдүй хамаарахаар байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





