Ж.Крамер технологийн хувьцааны ханш буурч буй үед загварын салбарын боломжийг онцоллоо
CNBC-ийн Жим Крамер хиймэл оюунтай холбоотой технологийн хувьцаануудын ханш суларч буй энэ үед “Ralph Lauren”, “Tapestry”, “Levi Strauss”, “VF Corporation”, “Kontoor Brands”, “Reformation”…

CNBC-ийн “Mad Money” нэвтрүүлгийн хөтлөгч Жим Крамер АНУ-ын хөрөнгийн зах зээлд технологийн компаниудын хувьцааны ханш сүүлийн долоо хоногуудад буурч байгаа ч өргөн хэрэглээний салбарын хувьцаанууд харьцангуй тогтвортой байгааг онцолжээ. Мөн тэрбээр хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалтаас өөр боломж хайж буй хөрөнгө оруулагчдад хувцас загварын зургаан компанийг анхаарахыг санал болгосон байна. Крамерын үзэж буйгаар хүүгийн түвшинд цаашид буурч, баярын улирлын худалдан авалт эхэлсэн энэ үед хувцас, гоёл чимэглэл болон гутлын худалдаа эрхэлдэг компаниудад таатай нөхцөл бүрдэж байгаа юм.
“Ralph Lauren” Крамерын хамгийн ихээр сайшааж буй хувцас загварын компани нь “Ralph Lauren” хэвээр байна. Гүйцэтгэх захирал Патрис Лувегийн удирдлага дор тус компани эмэгтэй хувцас, гоёл чимэглэл болон гадуур хувцасны бизнес өсөлтөө хадгалж, ялангуяа Азийн зах зээл дэх үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Хэдийгээр компанийн хувьцааны ханш найм, есдүгээр сард буурсан ч аравдугаар сард эргэн сэргэсэн бөгөөд Крамер удахгүй танилцуулах санхүүгийн тайланг “өөдрөгөөр” хүлээж буйгаа илэрхийлсэн байна.
“Tapestry” Харин тансаг зэрэглэлийн “Coach” болон “Kate Spade” брэндүүдийг эзэмшдэг “Tapestry” компанийн хувьд Крамер “Coach”-ийн залуу эмэгтэй хэрэглэгчдийн дунд эрэлт, харьцангуй хүртээмжтэй тансаг хэрэглээний зах зээлд эзэлж буй байр суурийг нь онцолжээ. Гэхдээ компанийн наймдугаар сарын санхүүгийн тайлангийн дараа хувьцааны ханш нь 20 хувиар буурсан байна. Тухайн үед компанийн танилцуулсан бизнесийн цаашдын төлөв хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрээгүй аж.
“Levi Strauss” Үүний зэрэгцээ жийнсэн хувцас үйлдвэрлэгч “Levi Strauss” компанийн хувьцааны ханш гуравдугаар улирлын санхүүгийн тааруу тайлангийн дараа 20 орчим ам.доллароор буурсан ч доод түвшнээсээ 20 гаруй хувиар сэргэсэн байна. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Мишель Гасс эрэлттэй загваруудын бараа материалын хомсдолыг бууруулах арга хэмжээ авснаа Крамерт мэдээлжээ. Крамерын тайлбарласнаар, “Levi Strauss”-ийн хувьцаа тухайн үеийн ашгаасаа 14 дахин өндөр ханшаар арилжаалагдаж, ногдол ашгийн өгөөж нь 2.8 хувьтай байжээ. Тэрбээр жийнсэн хувцасны эрэлтээс ашиг хүртэх боломжтой компаниудын нэгээр тус брэндийг нэрлэсэн байна.
“Kontoor Brands” Мөн ижил төрлийн хувцас үйлдвэрлэгч, “Wrangler”, “Lee” болон “Helly Hansen” брэндүүдийг эзэмшдэг “Kontoor Brands” компани “Lee” брэндээ 1 тэрбум хүртэлх ам.доллароор худалдахаар төлөвлөжээ. Уг хэлцэл хэрэгжвэл компани зардлаа бууруулан, “Wrangler” болон гадуур хувцасны “Helly Hansen” брэндүүддээ илүү төвлөрөх боломжтой болох аж. Үүний зэрэгцээ Крамер компани хэлцлийн дараа хувьцаагаа их хэмжээгээр эргүүлэн худалдаж авч магадгүй гэж үзсэн байна. Мөн үлдэх хоёр брэндийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжтой гэж үзжээ. Тухайн үед “Kontoor Brands”-ийн хувьцаа компанийн ашгаас ойролцоогоор 14 дахин өндөр үнэлгээгээр арилжаалагдаж, ногдол ашгийн өгөөж нь 3 орчим хувьтай байв.
“VF Corporation” Харин “The North Face”, “Vans” болон “Timberland” брэндүүдийг эзэмшдэг “VF Corporation” олон жил турш нүүр тулаад буй бизнесийн хүндрэлээс ангижирч байгааг Крамер тэмдэглэв. Ялангуяа “Vans” брэндийн талаарх өсвөр үеийнхний судалгааны үр дүн болон компанийн улирлын тайлан сэргэлтийн эерэг дохио болсон байна. Крамер тус компанийн хувьцааг санал болгосноос хойших хоёр орчим долоо хоногт ханш нь 14 орчим хувиар нэмэгджээ.
“Reformation” Түүний илүү өндөр эрсдэлтэй сонголт нь эмэгтэй хувцасны “Reformation” брэнд байв. Тус компанийн хувьцааны ханш долдугаар сарын сүүлчээр анх удаа IPO хийхэд сул байсан ч есдүгээр сарын сүүлчээр Крамер онцолсноос хойш хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан байна. Улмаар аравдугаар сарын турш хувьцааны ханш нь 31 гаруй хувиар өсчээ.
Мөн Крамер тус компанийг өсөлтийн боломж өндөртэй, ашигтай ажилладаг, бусдаас ялгарах худалдааны туршлагатай бөгөөд технологийн давуу талтай гэж тодорхойлсон байна. Түүнчлэн “Reformation”-ийн хувьд зөвхөн хувцас загварын бүтээгдэхүүнээс гадна технологийн шийдэл ашиглан бий болгосон худалдааны туршлага нь өрсөлдөх давуу тал болж байгааг онцолжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





