Нисэх онгоцны буудлуудын татваргүй барааны борлуулалт буурч байна
Олон улсын нисэх буудлуудаар зорчих хүний тоо сэргэж, цар тахлын өмнөх түвшинд хүрсэн ч зорчигчид татваргүй барааны дэлгүүрээс урьдынх шигээ худалдан авалт хийхээ больжээ.

Олон улсын нисэх буудлуудаар зорчих хүний тоо сэргэж, цар тахлын өмнөх түвшинд хүрсэн ч зорчигчид duty-free буюу татваргүй барааны дэлгүүрүүдээс урьдынх шигээ худалдан авалт хийхээ больжээ. Татваргүй барааны дэлгүүр нь нисэх буудлын зорчигчдод зориулсан, гаалийн татвар, НӨАТ зэрэг зарим төрлийн татвар шингээгүй үнээр бараа бүтээгдэхүүн борлуулдаг аж. Гэвч ийм төрлийн дэлгүүрүүд хэрэглэгчдийн хувьд ач холбогдлоо алдаж эхэлснийг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Тодруулбал, зөвлөх үйлчилгээний “Oliver Wyman” компанийн есдүгээр сард нийтэлсэн судалгаагаар олон улсын зорчигчдын урсгал 2019 оноос хойш 7 хувиар нэмэгдсэн байхад татваргүй барааны дэлгүүрүүд болон аяллын жижиглэн худалдааны борлуулалт 0.2 хувиар буурчээ. Хэрэв зорчигч тус бүрийн худалдан авалт 2019 оныхтой адил хэмжээнд байсан бол салбарын орлого одоогийнхоос 5 орчим тэрбум ам.доллароор өндөр байх боломжтой байв.
Татваргүй байлаа гээд үргэлж хямд сонголт гэсэн үг биш Татваргүй барааны дэлгүүрүүд олон жилийн турш татваргүй, харьцангуй хямд үнээр бүтээгдэхүүн худалдаалж ирсэн. Гэвч цахим худалдааны платформууд өргөжиж, хэрэглэгчид гар утсаараа хэдхэн секундийн дотор илүү хямд үнэтэй бүтээгдэхүүн олох болсон нь уг давуу талыг сулруулжээ. Судалгаагаар татваргүй барааны дэлгүүрт барааны үнэ харьцуулдаг хэрэглэгчдийн хувь 2016 онд 60 байсан бол 2026 онд 65 хувьд хүрчээ. Харин хямд үнийг худалдан авалтын гол давуу тал гэж үздэг хэрэглэгчдийн хувь 74-өөс 50 хувь болж буурсан байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид татваргүй барааны дэлгүүрийн барааг “шууд” хямд гэж үзэхээ больж, үнийг нь бусад дэлгүүртэй харьцуулдаг болжээ. Мөн зөвхөн хямд үнэ бус, бүтээгдэхүүний сонголт, худалдан авах туршлагыг илүү харгалзах болсон байна.
Ази хэрэглэгчдийн худалдан авалт буурчээ Татваргүй барааны дэлгүүрүүдийн борлуулалт буурч байгаа нь гол төлөв Ази, Номхон далайн бүсэд тод ажиглагдаж байна. “Vogue” сэтгүүлээс мягмар гарагт мэдээлснээр, дэлхийн нисэх буудал болон бусад татваргүй худалдааны цэгүүд дэх үнэртэн, арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүний борлуулалт энэ оны эхний хагаст 5.6 хувиар буурч, 13.8 тэрбум ам.доллар болжээ. Бүс нутгаар авч үзвэл Ази, Номхон далайн бүсийн борлуулалт 12.1 хувиар буурсан бол Европт 8.9 хувь, Америк тивд 9.8 хувиар өссөн байна. Азийн татваргүй худалдааны борлуулалт буурахад Хятадын зах зээл дэх өөрчлөлт голлон нөлөөлжээ. Өмнө нь Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улсаас татваргүй бараа бөөнөөр худалдан авч, дамлан худалдаалах бизнес Хятадад өргөн тархсан байв. Харин тус улсын эрх баригчид энэ төрлийн худалдаанд тавих хяналтаа чангатгаж, дотоодын өрсөлдөөн нэмэгдсэнээр гадаадын татваргүй барааны дэлгүүрүүдийн борлуулалт саарсан байна.
Үнэртэй усны борлуулалт татваргүй барааны худалдаанд эергээр нөлөөлж байна Гоо сайхны бүтээгдэхүүний нийт борлуулалт буурч байгаа ч үнэртэй усны худалдаа өсөлттэй байна. “Generation Research”-ийн мэдээллээр, нисэх буудал болон аялагчдад зориулсан бусад худалдааны цэгүүд дэх үнэртэй усны борлуулалтын орлого энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар нэмэгджээ. Мөн гоо сайхны бүтээгдэхүүний нийт борлуулалтад үнэртэй усны эзлэх хувь өмнөх 35.7 хувиас өсч, 40.1 хувьд хүрсэн байна. Үнэртэй усны борлуулалт ийнхүү өсч байгаа нь татваргүй барааны дэлгүүрүүдэд шинэ боломж нээж байна. Учир нь хэрэглэгчид үнэртэй усыг худалдан авахаасаа өмнө туршиж үзэх, мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой нь цахим худалдаанаас ялгарах давуу тал болж буй. Тухайлбал, Катарын “Qatar Duty Free” компани 2025 оны баярын улиралд гоо сайхны “Charlotte Tilbury” брэндтэй хамтран зорчигчдод бүтээгдэхүүн туршиж үзэх боломж олгосон тусгай худалдааны арга хэмжээ зохион байгуулсан байна. Компанийн мэдээлснээр, уг арга хэмжээний үеэр тус брэндийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 700 хувиар өсчээ.
Холбоотой мэдээ





