Үнийн шошгоны цаадах үнэн буюу загварын салбар бодит чанар руу буцаж буй нь
Инфляц болон тансаг зэрэглэлийн хувцасны үнийн өсөлтөөс шалтгаалан хэрэглэгчид бүтээгдэхүүний чанар, материал, хийц болон үнийг илүү нягт харьцуулах болжээ.

Сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн инфляц болон тансаг зэрэглэлийн брэндүүдийн хязгааргүй мэт санагдах үнийн хөөрөгдөл нь загварын хэрэглэгчдийг урьд өмнөхөөсөө илүү хэрсүү, сонголтдоо хатуу шаардлага тавьдаг болгож хувиргалаа. Үйлдвэрлэлийн өртөг дээр хэд дахин нугалсан ашиг нэмдэг хуучинсаг, механик томьёолол улирч, дунджаас дээгүүр сегментийн брэндүүд хэрэглэгчийн төлөхөд бэлэн бодит ханш хийгээд бүтээгдэхүүний жинхэнэ чанарыг эн тэргүүнд тавьдаг шинэ эрин рүү шилжиж байна.
Энэхүү өөрчлөлт нь зөвхөн хэдхэн брэндийн стратеги бус, хэрэглэгчийн бодит зан төлөв, зах зээлийн суурь датагаар баталгаажиж буй томоохон эргэлт юм. “Bain & Company” болон Италийн тансаг зэрэглэлийн үйлдвэрлэгчдийн холбооны (Altagamma) хамтарсан тайлангаас харахад сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээл 50 сая орчим хэрэглэгчээ алдсан нь 2019 оноос хойш үнийг дунджаар 50-60 хувиар нэмсэн бодлогын шууд үр дагавар байв. Түүнчлэн “McKinsey & Company”-ийн “The State of Fashion” судалгаагаар хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь хувцас худалдан авахдаа үнийн өсөлтөөс үүдэн илүү хэмнэлттэй эсвэл “дунд зэргийн тансаг” (accessible luxury) ангилал руу шилжих болсныг онцолжээ. Үнийн стратегийн зөвлөх “Simon-Kucher” компанийн судалгаагаар ч тансаг зэрэглэлийн хэрэглэгчдийн дөрөвний нэг нь илүү ухаалаг, боломжийн үнэтэй хувилбарыг сонгох болсон аж.
Үнийн хөөрөгдөл яагаад итгэлийн хямрал болов?
Хэрэглэгчид өндөр үнэ төлөхөөс татгалзаж буй гол шалтгаан нь зөвхөн санхүүгийн хэмнэлт бус, харин “үнэ ба чанарын харьцаа алдагдсан” гэх сэтгэл зүйн эсэргүүцэл юм. Сүүлийн жилүүдэд олон улсын зах зээл дээрх нийлүүлэлтийн гинжин хэлхээний саатал, түүхий эдийн үнийн өсөлтийг далимдуулан зарим томоохон загварын орднууд бүтээгдэхүүнийхээ үнийг огцом өсгөсөн хэрнээ оёдлын чанар, материалын орцыг бууруулсан тохиолдлууд олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулах болсон. Ялангуяа “TikTok” болон “Instagram” дахь загварын шинжээчид цүнх, гадуур хувцасны бодит өртөг болон жижиглэнгийн үнийн зөрүүг ил тод задалж харуулах болсноор хэрэглэгчид зөвхөн логоны төлөө хэдэн мянган ам.доллар төлөхийг утгагүй зүйл гэж үзэх хандлага давамгайлж эхэллээ.
Тансаг чанар ба боломжийн үнийн уулзвар
Зах зээлийн энэ хоосон орон зайг соргогоор мэдэрсэн АНУ-ын “Rue Sophie” брэнд үнийн бүтцээ шинэчилж, минималист хэв маягийн “Cos” болон скандинав тансаг зэрэглэлийн “Toteme” брэндүүдийн яг дунд өөрийн орон зайг дархалжээ. Тэдний 75 хувийн ноос, 10 хувийн ноолуурын тансаг хольцтой, хамгийн эрэлттэй гадуур хувцаснууд 600–680 ам.доллароор үнэлэгдэж байна. Үүнийг “Cos”-ийн 350 ам.долларын өвлийн пальто, эсвэл “Toteme”-ийн 1,470 ам.долларын сонгодог загвартай харьцуулж үзвэл харин ч боломжийн үнийн дүн болж буй юм. “Rue Sophie” үйлдвэрлэлийн нийт зардлынхаа тал орчмыг зөвхөн дээд зэргийн даавуу, материалд зориулснаар үнийн өсөлтөд дарамтлуулж буй хэрэглэгчдэд тансаг чанарыг хүртээмжтэй үнээр санал болгож чаджээ. Үүний зэрэгцээ “Marcella” брэнд өрсөлдөгчдөөсөө 25–50 хувиар доогуур үнэ тогтоох зоримог стратеги баримталж, ихэнх цамцаа 100 ам.доллароос доош, даашинзаа 149 ам.доллароор худалдаалж байгаа бол “Quince” зэрэг шууд хэрэглэгчдэд хүрэх (DTC) брэндүүд 100 хувийн монгол ноолууран цамцыг 50–80 ам.доллароор зах зээлд нийлүүлж, уламжлалт тансаг брэндүүдэд хүчтэй цохилт өгч байна.
Боломжийн үнийн загварын эрсдэл ба эсрэг тал
Гэсэн хэдий ч үнийг барих, эсвэл доогуур тогтоох стратеги нь брэндүүдийн хувьд эрсдэл дагуулсан алхам юм. Загварын салбарт 20 ам.долларын өртгөөр бүтсэн цамцыг 110 ам.доллароор жижиглэн худалдах нь хэвийн үзэгдэл мэт тогтсон ч энэ зөрүү нь цэвэр ашиг биш гэдгийг “Citizens of Humanity” компанийн гүйцэтгэх захирал Эми Уильямс онцолжээ. Логистик, агуулах, маркетинг болон цахим худалдааны 20–30 хувьд хүрдэг хэрэглэгчийн буцаалтын зардлыг хасаад тооцвол бодит ашиг эрс хумигддаг.
Үүнээс гадна боломжийн үнийн загвар баримтлах нь дараах хоёр сөрөг талтай. Нэгдүгээрт, ашгийн маржин багатай брэндүүд шинэ загварын судалгаа, байгальд ээлтэй үйлдвэрлэлд хөрөнгө оруулах боломжоор хязгаарлагддаг бөгөөд түүхий эдийн үнэ бага зэрэг савлахад л алдагдалд орох эрсдэлтэй. Хоёрдугаарт, загварын ертөнцөд өндөр үнэ нь өөрөө “онцгой байдал” (exclusivity) болон нийгмийн статусын илэрхийлэл болдог тул үнийг хэт буулгах нь брэндийн нэр хүндийг энгийн хэрэглээний түвшинд унагах аюултай. Тиймээс “Rue Sophie” зөвхөн нэгж бүтээгдэхүүний ашгийн хувийг бус, борлуулалтын эргэлт, буцаалтын түвшнийг цогцоор нь тооцох болсон бол Лондонгийн “Aligne” брэнд нэрийн хуудас болсон George пальтогоо хүссэн ашгийн хэмжээнээсээ доогуур буюу сэтгэл зүйн босго болох 400 ам.долларын хязгаарыг давуулахгүйгээр 395 ам.доллароор барьж чаджээ.
Хямдралын урхинаас татгалзаж, үнэ цэнийг дархлах нь
Байнгын хямдрал, урамшуулал нь хэрэглэгчдийг бүтэн үнээр худалдан авалт хийхийн оронд дараагийн хямдралыг хүлээдэг сэтгэл зүйд сургадаг гэдгийг салбарынхан хүлээн зөвшөөрч эхэллээ. “Aligne” компани АНУ-ын импортын тарифын нэмэлт дарамтыг үл харгалзан гол загваруудынхаа үнийг нэмэлгүй тогтвортой барьж чадсанаар сүүлийн 12 сарын дотор АНУ дахь бизнесээ 500 хувиар тэлж чадсан нь үүний тод нотолгоо юм. Үүнтэй ижил стратегийг баримталсан “Coach” брэнд сүүлийн жилүүдэд хямдралаас татгалзаж, арьсны чанар болон боломжийн үнийн (300–500 ам.доллар) тэнцвэрийг хадгалснаар залуу үеийнхний дунд борлуулалтаа огцом өсгөж, тансаг зэрэглэлийн томоохон группүүдийн дунд хамгийн өндөр өсөлттэй брэндээр шалгарчээ.
Мэдээж загварын ертөнцөд бүх зүйлийг хямд байлгах нь цорын ганц гарц биш. Хэт өндөр орлоготой буюу “Veblen” хэрэглэгчдийн хувьд үнэ өсөх тусам тухайн бүтээгдэхүүний үнэ цэнэ, ховор чанар улам нэмэгддэг хууль үйлчилсэн хэвээр байна. “Hermès” брэндийн борлуулалт зах зээлийн уналтыг үл харгалзан тогтвортой өссөөр байгаа, мөн “Agolde” брэндийн борлуулалтын тайланд хамгийн өндөр үнэтэй загварууд нь шилдэг борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа нь үүний баталгаа юм. Энэ нь жинхэнэ чанар, ур хийц, үнэ цэнийг эрхэмлэдэг хэрэглэгчдийн давхарга хэзээ ч устахгүйг илтгэнэ. Эцсийн дүндээ өнөөдрийн загварын зах зээлд ялалт байгуулах нууц нь хамгийн хямд үнэ санал болгоход бус, харин хэрэглэгчийн төлсөн доллар бүр ямар үнэ цэнэ, чанарыг төлөөлж буйг тэдэнд мэдрүүлж чадахад оршиж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





