БНХАУ, БНСУ-ын чөлөөт худалдааны гацаа арилснаар Солонгосын энтертайнмент салбарын хувьцаанууд 30 хувиар ахилаа
Хятад болон Өмнөд Солонгос үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбарыг хамарсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээг үндсэндээ дуусгаснаар Солонгосын кино, телевиз, тоглоом болон аялал…

Хятад болон Өмнөд Солонгосын хооронд найман жил найман сар үргэлжилсэн худалдааны хэлэлцээнд ахиц гаргаснаар Солонгосын энтертайнмент, видео тоглоом болон аялал жуулчлалын компаниудын хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар огцом өслөө. Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, нөөцийн яам лхагва гарагт хоёр улс үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбарыг хамарсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ өргөжүүлэх хэлэлцээг дуусгаснаа мэдэгдсэн байна. Тус хэлэлцээр нь Хятадын зах зээлд Солонгосын кино, телевизийн контент болон видео тоглоомын компаниудын үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэжээ. Үүнтэй холбоотойгоор телевизийн цуврал үйлдвэрлэгч “Studio Dragon”-ийн хувьцааны ханш 29.96 хувиар өссөн бол Оскарын шагналт “Parasite” киноны бүтээлд оролцсон “CJ ENM”-ийнх арилжааны эхэн үед 26 хувиар нэмэгдсэн байна. Мөн аялал жуулчлалын “Hana Tour”-ийн хувьцааны ханш 18 хувиар ахисан бол, кино түгээлтийн “Showbox”-ийнх 9 хувиар дээшилжээ. Харин Видео тоглоомын салбарт “Krafton”-ийн хувьцааны ханш 2.69 хувийн өслөт ажиглагдсан бол “Shift Up”-ийнх 6.57 хувиар нэмэгдсэн байна.
Хятадын зах зээлд Солонгосын контентыг нэвтрүүлэх нөхцөл өөрчлөгдөнө Хэлэлцээрийн хүрээнд Хятад Солонгосын кино болон видео тоглоомын салбарт худалдааны хамгийн таатай нөхцөл олгох зарчмыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Ингэснээр Солонгосын компаниудад гуравдагч улсын компаниудаас доргүй нөхцөлөөр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм. Түүнчлэн Хятадын тал цахим тоглоом, киноны урьдчилсан хяналт, зөвшөөрлийн үйл явцад ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг баримтлахаар тохиролцсон байна. Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, нөөцийн яамны мэдээлснээр Хятад худалдааны хэлэлцээртээ ийм төрлийн үүрэг амлалтыг анх удаа тусгажээ. Хоёр улс хамтарсан бүтээлийн хамрах хүрээг мөн өргөжүүлж, зөвхөн кино төдийгүй телевизийн цуврал, анимэйшн, энтертайнмент нэвтрүүлэг болон баримтат кино бүтээхээр тохиролцсон байна. Аялал жуулчлалын салбарт Өмнөд Солонгосын компаниуд Хятадын 23 бүс нутагт оршин суугчид болон гадаадын иргэдийг Солонгос болон бусад улс руу аялуулах зорилгоор шууд бүртгэх эрхтэй болохоор тусгажээ.
“Studio Dragon”-ийн үйл ажиллагааны ашиг 50 хүртэлх хувиар өсөх боломжтой Өмнөд Солонгосын үнэт цаасны “Hana Securities” компани шинэ хэлэлцээрээс шууд ашиг хүртэх боломжтой компаниудаар “Studio Dragon” болон “Hana Tour”-ийг нэрлэсэн байна. Тус компанийн тооцоолсноор Хятадын стриминг платформууд өмнө нь худалдан авсан Солонгосын телевизийн цувралуудыг дахин цацаж эхэлбэл “Studio Dragon”-ийн нэг бүтээлээс олох нэмэлт орлого 3–4 тэрбум вон хүрэх боломжтой аж. Үүний үр дүнд компанийн үйл ажиллагааны ашиг 50 хүртэлх хувиар өсөх боломжтой гэж тооцжээ.
Бараг 10 жил үргэлжилсэн соёлын хязгаарлалт Хятад 2016 онд Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт АНУ-ын THAAD пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байрлуулах шийдвэрийн дараа Солонгосын бараа бүтээгдэхүүн, соёлын контент болон хоёр улсын солилцоонд хязгаарлалт тогтоосон. Үүнээс хойш Солонгосын энтертайнмент компаниуд Хятадын томоохон хэрэглэгчийн зах зээлд нэвтрэхэд хүндрэлтэй тулгарсаар ирсэн юм. Өмнөд Солонгосын “NH Investment & Securities” компанийн үзэж буйгаар шинэ хэлэлцээр нь Хятадын зүгээс Солонгосын соёлын контентод тавьсан олон жилийн хязгаарлалтыг зөөлрүүлэх чиглэлд баримт бичгээр баталгаажсан анхны ахиц болж байна. Гэхдээ хэлэлцээрт K-pop уран бүтээлчдийн тоглолтыг Хятадад дахин зохион байгуулах, Солонгосын телевизийн цувралуудыг эх газрын Хятадад нэвтрүүлэхийг шууд зөвшөөрсөн заалт тусгагдаагүй байна. Хоёр улсын талууд хэлэлцээрийн техникийн найруулгыг эцэслэн тохиролцож байгаа бөгөөд албан ёсоор гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгох үйл явц хараахан дуусаагүй аж.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





