Холбооны нөөцийн банк бодлогын хүүг дахин өсгөхөөр зэхэж байна
АНУ-ын Холбооны нөөцийн банкны удирдлагууд аравдугаар сарын хурлаараа бодлогын хүүг хэвээр үлдээсэн ч инфляцыг зорилтот түвшинд хүргэхийн тулд цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

АНУ-ын Холбооны нөөцийн банк инфляцын өсөлтийг хазаарлахын тулд бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх чиглэлд санал нэгдэж байна. Өнгөрсөн аравдугаар сард болсон тус банкны удирдлагуудын хурлын тэмдэглэлээс харахад, хэдийгээр бодлогын хүүг 3.75–4.00 хувьд хэвээр хадгалсан ч шийдвэр гаргагчдын дийлэнх нь цаашид мөнгөний бодлогыг чангатгах шаардлагатай гэж дүгнэсэн байна.
Хиймэл оюуны салбарын өр, санхүүжилт эрсдэл дагуулж байна Түүнчлэн хурлын үеэр хиймэл оюуны салбарын хэт хурдацтай өсөлт болон санхүүгийн эрсдэлүүд онцгой анхаарал татжээ. Удирдлагуудын үзэж буйгаар тус салбарын эрэлт хэрэгцээ нь инфляцыг хөөрөгдөх томоохон хүчин зүйл болж байна. Ялангуяа хиймэл оюуны компаниудын санхүүжилтийн бүтэц улам нарийн төвөгтэй, ил тод бус болж, өрийн хэмжээ нь хурдацтай нэмэгдэж байгааг анхаарууллаа. Компаниудын тайлан тэнцэлд шууд тусгагддаггүй түрээсийн үүрэг болон харилцан хөрөнгө оруулалтын хэлцлүүд нь хэрэв төслүүд хүлээлтэд хүрэхгүй бол цөөн хэдэн томоохон компанид төвлөрсөн санхүүгийн эрсдэл, алдагдлыг улам даамжруулах аюултай гэж Төв банк үзэж байна.
Инфляц хүлээлтээс өндөр гарчээ Үнийн өсөлт ийнхүү анхаарал татах болсон нь аравдугаар сарын инфляцын үзүүлэлт зах зээлийн таамаглалаас 0.1 хувиар өндөр буюу сарын дүнгээр 0.4 хувь, хүнс ба эрчим хүчийг хассан суурь инфляц 0.3 хувь гарсантай холбоотой юм. Ираны дайн болон Ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон импортын тарифаас үүдэлтэй үнийн өсөлт түр зуурынх уу, эсвэл эдийн засагт удаан хугацаанд шингэх үү гэдгийг Төв банк анхааралтай ажиглаж буй. Тиймээс нэмэлт мэдээлэл цуглуулах зорилгоор өнгөрсөн хурлаар хүүг хэвээр үлдээх шийдвэрийг 10-2 саналын харьцаагаар баталсан бөгөөд Захирлуудын зөвлөлийн гишүүн Лиза Күүк болон Кливлендийн Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Бет Хэммак нар хүүг 0.25 хувиар өсгөх санал гаргажээ.
Арванхоёрдугаар сард хүүг 0.5 хувиар өсгөх боломжийг хэлэлцэж байна Одоо зах зээлийн анхаарал арванхоёрдугаар сарын 8–9-нд болох дараагийн хуралд төвлөрч буй Холбооны нөөцийн банкны Захирлуудын зөвлөлийн гишүүн Кристофер Уоллер зах зээлд хүчтэй дохио өгөхийн тулд арванхоёрдугаар сард хүүг шууд 0.5 хувиар өсгөх хувилбарыг хэлэлцэх ёстой гэж CNBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин Сент-Луисийн Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Альберто Мусалем 2027 оны хавар гэхэд хүү нийт нэг хувиар өсөх боломжтой гэж таамаглав. Хөрөнгө оруулагчид ч арванхоёрдугаар сард хүү 0.25 хувиар нэмэгдэж, улмаар 2027 онд дахин хоёр удаа өснө гэж тооцоолж эхэлжээ. Хэдийгээр ирэх оны эхнээс инфляц саарна гэж хүлээж байгаа ч үнийн өсөлтийг зорилтот хоёр хувьд хүргэтэл мөнгөний хатуу бодлого үргэлжлэх төлөвтэй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





