“Anthropic”-ийн 81 тэрбум ам.долларын IPO Азийн зах зээлийн уналтыг зогсоож чадах уу?
Хиймэл оюуны Claude загварыг хөгжүүлэгч “Anthropic” компани хувьцаагаа нэг бүрийг нь 83 ам.доллароор үнэлж, анхдагч зах зээлийн арилжаагаар 81 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Хиймэл оюуны салбарын ашигт ажиллагаанд эргэлзэх хөрөнгө оруулагчдын болгоомжлол болон АНУ-ын бодлогын хүү өсөх хүлээлт Азийн хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна. Үүнтэй зэрэгцэн “Claude” чатботыг хөгжүүлэгч “Anthropic” компани Уолл С түүхэн дээд хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлж, АНУ-ын хөрөнгийн зах зээлд анх удаа хувьцаагаа арилжаалах гэж буй. “Anthropic” компани хувьцаагаа нэгж бүрийг нь 83 ам.доллароор үнэлж, анхдагч зах зээлийн арилжаагаар 81.31 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй. Ингэснээр “SpaceX”-ийн өмнөх амжилтыг давж, түүхэн дэх хамгийн том IPO болж байгаа юм. Компанийн нийт хувьцаа болон ирээдүйд хувьцаанд хөрвөх боломжтой эрхүүдийг тооцсон үнэлгээ 1.5 орчим их наяд ам.долларт хүрэх юм. Хувьцааны анхны зорилтот үнийн хүрээ 70–78 ам.доллар байсан ч эцсийн үнэ түүнээс давсан нь хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байгааг харуулж байна. “Anthropic”-ийн хувьцаа “Nasdaq” биржид ANT тикерээр арилжаалагдахаар төлөвлөгджээ.
Азийн технологийн хувьцаануудын ханш буурав Тайванийн хөрөнгийн зах зээлийн гол индекс пүрэв гарагийн арилжаагаар 3.8 хувиар унасан бол Өмнөд Солонгосын Kospi индекс 1 хувиар буурчээ. Харин Японоос бусад Ази, Номхон далайн бүсийн хувьцааг хамардаг MSCI индекс 1.9 хувиар уруудаж, сүүлийн долоон сарын доод түвшинд хүрсэн байна. Хагас дамжуулагчийн томоохон үйлдвэрлэгчид болох “TSMC”, “Samsung Electronics”, “SK Hynix” компаниудын хувьцааны ханш тус бүр 2 хувиар буурав.
“Nvidia”-ийн удирдлагын өөрчлөлт хөрөнгө оруулагчдын анхааралд байна Хиймэл оюуны чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн үүсгэн байгуулагч Женсен Хуанг гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон нь салбарын ирээдүйн талаарх тодорхойгүй байдлыг нэмэгдүүлээд буй. Компанийн албан ёсны мэдэгдэл болон АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд хүргүүлсэн баримтаар санхүү хариуцсан захирал Колетт Кресс гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байна. “Nvidia”-ийн ТУЗ Женсен Хуангийг буцаан томилох асуудлыг хэлэлцэхгүй гэдгээ мөн илэрхийлмсэн юм.
АНУ-ын бодлогын хүү өсөх хүлээлтээр ам.долларын ханш чангарчээ АНУ-ын Холбооны нөөцийн банкны Захирлуудын зөвлөлийн гишүүн Кристофер Уоллер инфляцын өсөлтийг хязгаарлахын тулд мөнгөний бодлогыг илүү эрчимтэй чангатгах шаардлагатайг анхааруулжээ. Тэрбээр лхагва гарагт CNBC агентлагт өгсөн ярилцлагадаа ирэх сарын 8–9-ний хурлаар бодлогын хүүг 0.5 хувиар нэмэгдүүлэх, эсвэл дараагийн өсөлтийн талаар зах зээлд тодорхой дохио өгөх хувилбаруудыг дурдсан байна. Ам..долларын индекс пүрэв гарагийн арилжаагаар 103.92 болж, сүүлийн 19 сарын дээд түвшинд хүрсэн бол евро 1.0978 ам.доллартой дүйжээ. Мөн “Brent” төрлийн газрын тосны фьючерс 0.58 хувиар буурч, баррель тутамдаа 91.47 ам.доллар болсон байна. Хөрөнгө оруулагчдын хувьд “Anthropic”-ийн эхний өдрийн арилжаа нь хиймэл оюуны компаниудын өндөр үнэлгээ, ирээдүйн ашигт ажиллагаанд зах зээл хэр итгэж байгааг хэмжих чухал үзүүлэлт болохоор байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





