Ирэх оноос өөрийн хүсэлтээр ажлаас гарсан иргэдэд ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 55 өдрөөр олгоно
УИХ-аас баталсан хуулийн өөрчлөлтөөр 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл, олгох хугацаа болон тооцох аргачлал шинэчлэгдэнэ.

УИХ-аас 2026 оны долоодугаар сарын 2-нд баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл болон олгох хугацаанд өөрчлөлт орно. Шинэ зохицуулалтаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн даатгуулагчид тэтгэмжийг ажлын 55 өдрөөр, бусад шаардлага хангасан даатгуулагчид ажлын 76 өдрөөр тооцож олгохоор болжээ.
Тэтгэмж авахад тавих шаардлага өөрчлөгдөнө Анх удаа ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагч нийт 24 сараас доошгүй хугацаанд ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой. Үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 12 сард шимтгэлээ тасралтгүй төлсөн байх шаардлага тавина. Өмнөх зохицуулалтаар сүүлийн есөн сард тасралтгүй шимтгэл төлсөн байх шаардлагатай байв. Харин өмнө нь ажилгүйдлийн тэтгэмж авч байсан даатгуулагч дахин тэтгэмж авахын тулд 12 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн есөн сард тасралтгүй төлсөн байх шаардлагатай. Мөн даатгуулагч хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа байх ёстой.
Тэтгэмжийн хэмжээг сүүлийн 12 сарын орлогоор тооцно Шинэ зохицуулалтаар тэтгэмжийн хэмжээг ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцно. Өмнө нь уг тооцоонд сүүлийн есөн сарын орлогыг ашиглахаар хуульчилсан байв. Тэтгэмж бодох хувь хэмжээ нь даатгуулагчийн шимтгэл төлсөн нийт хугацаанаас хамаарах юм.
Ажилгүйдлийн тэтгэмжид 159.3 тэрбум төгрөг зарцуулжээ Нийгмийн даатгалын сангийн 2026 оны есдүгээр сарын мэдээллээр ажилгүйдлийн даатгалын санд 134.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, тус сангаас 33,929 даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжид 159.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэснээр тайлагнасан орлогоос тэтгэмжийн зарлага 24.6 тэрбум төгрөгөөр давсан байна. Мөн тэтгэмжийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжид 36.1 тэрбум төгрөг олгосон гэж мэдээлжээ. Үүнээс гадна хуулийн өөрчлөлтөөр ажилгүйдлийн даатгалд ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг 0.5 хувиас 0.6 хувь болгон нэмэгдүүлжээ. Харин даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ 0.2 хувь хэвээр байх юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





