“OpenAI” хэрэглэгчийн өмнөөс онлайн худалдан авалт хийх шинэ үйлчилгээг нэвтрүүллээ
“OpenAI” компани хиймэл оюуны агентуудаар дамжуулан хэрэглэгчийн өмнөөс онлайн худалдан авалт хийх “ChatGPT Wallet” үйлчилгээг танилцууллаа.

“OpenAI” компани хиймэл оюуны ChatGPT загвараар дамжуулан хэрэглэгчийн өмнөөс онлайн худалдан авалт хийх боломжтой “ChatGPT Wallet” үйлчилгээг танилцуулжээ.
Шинэ үйлчилгээний тусламжтайгаар хэрэглэгч худалдан авахыг хүссэн бүтээгдэхүүнээ хэлэхэд ChatGPT-ийн “dot” нэртэй хиймэл оюуны туслах тохирох барааг хайж, сонгоход туслахаас гадна захиалга хийх үйл явцыг гүйцэтгэх боломжтой болж байна.
Үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгч “Visa”, “Mastercard” эсвэл “American Express” картаа нэг удаа бүртгүүлэх шаардлагатай аж. Харин төлбөр хийхээс өмнө сонгосон бүтээгдэхүүн, нийт үнийн дүнгээ шалгаж, нүүр царай эсвэл хурууны хээгээрээ худалдан авалтыг баталгаажуулна.
Мөн төлбөр хийх үед хэрэглэгчийн картын дугаар болон бусад нууц мэдээлэл хиймэл оюуны туслах, худалдаа эрхлэгчид дамжихгүй. Харин барааг хүргэхэд шаардлагатай хаяг, холбоо барих мэдээллийг автоматаар илгээх юм.
Цаашид хэрэглэгч хиймэл оюуны туслахдаа хэдий хэмжээний мөнгө зарцуулах, ямар төрлийн бүтээгдэхүүн худалдан авахыг урьдчилан зааж өгөх боломжтой болох юм. Ингэснээр хиймэл оюун хэрэглэгчийн тогтоосон нөхцөлийн дагуу худалдан авалтыг илүү бие даан гүйцэтгэх боломж бүрдэх аж.
“OpenAI” шинэ үйлчилгээг эхний ээлжид цөөн хэрэглэгчид туршиж, цаашид илүү олон онлайн дэлгүүрт ашиглах боломжтой болгохоор төлөвлөжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





