“League of Legends” тоглоом 2027 онд “New Dawn” нэртэй томоохон шинэчлэлт хийнэ
“Riot Games” компани 2026 оны “League of Legends” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын үеэр “New Dawn” нэртэй томоохон шинэчлэлтээ албан ёсоор танилцууллаа.

АНУ-ын видео тоглоом хөгжүүлэгч “Riot Games” компани бямба гарагт болсон “League of Legends” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын үеэр “League of Legends: New Dawn” шинэчлэлтийн анхны танилцуулгыг олон нийтэд хүргэлээ. Тус компани 2009 онд гаргасан тоглоомоо 2027 онд өргөн хүрээнд шинэчлэхээр төлөвлөж байгаа юм.
Шинэчлэлтийн хүрээнд тоглоомын үндсэн интерфэйсийг орчин үеийн загварт шилжүүлж, “Summoner’s Rift” газрын зургийн дүрслэлийг шинэчилнэ. Мөн тоглогчдын тулааны стратеги, аваргуудын чадварыг ашиглах арга барилд нөлөөлөх тоглолтын механикийн өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөжээ.
Анхны танилцуулгад баатар сонгох дэлгэцийн шинэ загвар, минионуудын дүрслэл, луу болон “Baron Nashor”-ын өөрчлөгдсөн төрхийг харуулсан байна. Түүнчлэн газрын зургийн орчин, баатруудын чадварын дүрслэлд өөрчлөлт оруулахаар болжээ. “League of Legends”-ийн гүйцэтгэх продюсер Пол Беллезза уг шинэчлэлтийг тоглоомын хөгжлийн шинэ үе шат хэмээн тодорхойлж буй.
2009 онд анх худалдаанд гарснаас хойш “League of Legends” олон удаа шинэчлэгдсэн. Тухайлбал, 2014 онд “Summoner’s Rift” газрын зургийг үндсээр нь шинэчилж, дараагийн жилүүдэд тоглоомын интерфэйс, руны систем болон газрын зургийн орчинд өөрчлөлт оруулж байв. Харин “New Dawn” нь эдгээрийг нэг дор хамарсан өргөн хүрээний шинэчлэлт болохоороо онцлогтой.
Үүний зэрэгцээ “Riot Games” өмнөх үеийн тоглолтын орчныг сэргээсэн “League Classic” горимын одоогийн хувилбарыг 2027 оны нэгдүгээр сарын 6-нд дуусгахаар болжээ. Тус горим нь тоглогчдод хуучин газрын зураг, аваргууд болон эд зүйлсийг ашиглан тоглох боломж олгодог.
“Riot Games” шинэчлэлтийн дэлгэрэнгүй танилцуулгыг 2027 оны нэгдүгээр сард хийхээр товлосон бөгөөд нэвтрүүлэх тодорхой өдрийг хараахан зарлаагүй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





