“SK Hynix” хагас дамжуулагчийн дотоодын ханган нийлүүлэгчдээ дэмжихэд 1.4 их наяд вон зарцуулна
“SK Hynix” компани ирэх таван жилийн хугацаанд хагас дамжуулагчийн материал, эд анги, тоног төхөөрөмж нийлүүлдэг дотоодын компаниудаа дэмжихэд 1.4 их наяд вон буюу 1.05 тэрбум ам.

Өмнөд Солонгосын хагас дамжуулагч үйлдвэрлэгч “SK Hynix” компани хиймэл оюуны чипийн зах зээл дэх өрсөлдөөн эрчимжиж буйтай холбогдуулан дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэх шинэ хөтөлбөр танилцууллаа. Тус компани ирэх таван жилд 1.4 их наяд воны хөрөнгө зарцуулж, хагас дамжуулагчийн материал, эд анги, тоног төхөөрөмж нийлүүлдэг жижиг, дунд компаниудын судалгаа, хөгжүүлэлтээс эхлээд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх хүртэлх үйл ажиллагааг дэмжихээр болжээ. Хөтөлбөр нь судалгаа, хөгжүүлэлт, туршилт, олноор үйлдвэрлэх болон борлуулалт гэсэн дөрвөн үе шатыг хамарахаар байна. Тухайлбал, “SK Hynix” шинэ технологи хөгжүүлэх төслийхэд гарах анхдугаар шатны зардлын 50 хүртэлх хувийг урьдчилан санхүүжүүлэх ба төсөл төлөвлөсөн үр дүндээ хүрээгүй ч ханган нийлүүлэгчийн гүйцэтгэсэн ажлын зардлыг нөхөн олгохоор тусгажээ.
874.6 тэрбум воны туршилтын байгууламж байгуулна Хөтөлбөрийн хүрээнд Сөүл хотоос өмнө зүгт 40 километрийн зайд орших Ёнъин хотын хагас дамжуулагчийн цогцолборт “Trinity Fab” нэртэй туршилтын байгууламж байгуулахаар төлөвлөсөн байна. Нийт 874.6 тэрбум воны санхүүжилттэй уг төсөлд “SK Hynix” 443.2 тэрбум вон, Өмнөд Солонгосын Засгийн газар 373.6 тэрбум вон, орон нутгийн захиргаанууд 57.7 тэрбум вон гаргахаар болжээ. Тус байгууламжийг 2027 оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Туршилтын байгууламжийг бие даасан, ашгийн бус сан удирдах бөгөөд оролцогч компаниудын оюуны өмч, худалдааны нууц мэдээллийг хамгаалах зохицуулалттай байх аж. Ханган нийлүүлэгчдэд 2 их наяд воны санхүүжилт олгоно Үүний зэрэгцээ “SK Hynix” компани санхүүгийн байгууллагуудтай хамтран Өмнөд Солонгосын Худалдааны даатгалын корпорацын баталгаанд тулгуурласан 2 их наяд воны санхүүжилтийг ханган нийлүүлэгчдэд хүртээмжтэй болгохоор төлөвлөжээ. Мөн жижиг туслан гүйцэтгэгч компаниудад хөнгөлөлттэй хүүтэй зээл, технологийн зөвлөгөө үзүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болов. Компанийн мэдээлснээр жижиг ханган нийлүүлэгчид хамтран нэг туршилтын байгууламж ашигласнаар өөрсдөө бие даан туршилтын тоног төхөөрөмжид их хэмжээний хөрөнгө оруулах шаардлага багасч, шинэ бүтээгдэхүүнийг илүү хурдан хугацаанд үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой болох юм. Энэхүү байгууламж нь “SK Hynix”-ийн Ёнъин хотод байгуулах хагас дамжуулагчийн томоохон цогцолборын эхний үйлдвэрт байрлах аж. Компани уг цогцолборт нийт 600 их наяд воны хөрөнгө оруулж, хагас дамжуулагч үйлдвэрлэх дөрвөн үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





