АНУ “Megaspeed” тэргүүтэй Зүүн өмнөд Азийн 7 компанийг худалдааны хар жагсаалтад оруулжээ
АНУ дэвшилтэт тооцооллын бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй хэрэглэгчдэд нийлүүлэх эрсдэлтэй гэж үзсэн Малайз, Сингапур, Тайландын долоон компанийг экспортын хязгаарлалтын жагсаалтад нэмжээ.

АНУ-ын Худалдааны яамны Аж үйлдвэр, аюулгүй байдлын товчоо (BIS) дэвшилтэт тооцооллын бүтээгдэхүүний экспортын хяналтыг чангатгаж, Зүүн өмнөд Азийн гурван улсын долоон компанийг худалдааны хязгаарлалтын жагсаалтад (Entity List) нэмснээ мэдэгдэв.
Шийдвэрийг арваннэгдүгээр сарын 25-нд АНУ-ын Холбооны бүртгэлд албан ёсоор нийтлэхээр товложээ.
АНУ-ын эрх баригчид эдгээр компанийг дэвшилтэт тооцооллын тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй хэрэглэгчдэд хүргэх, зөвшөөрөгдөөгүй зориулалтаар ашиглуулах өндөр эрсдэлтэй гэж үзсэн байна.
Тодруулбал, Малайзын “MSFusion Sdn. Bhd.”, “PT Megaspeed International”, “Speedmatrix Sdn Bhd” Сингапурын “Apex Enterprise Solutions Private Limited”, “Megaspeed International Pte. Ltd.”, “Swiftdata Pte. Ltd.”, Тайландын “Megaspeed (Thailand) Co., Ltd.” компанийг хамарчээ.
Хязгаарлалт нь зөвхөн хиймэл оюуны чипээр тогтохгүй, АНУ-ын Экспортын удирдлагын журамд (EAR) хамаарах бүх бүтээгдэхүүн, программ хангамж, технологийг хамарна.
Эдгээр компанид бүтээгдэхүүн экспортлох, дахин экспортлох, тухайн улсын нутаг дэвсгэрт шилжүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардагдах бөгөөд зөвшөөрлийн хүсэлтийг татгалзах зарчмаар хянан шийдвэрлэх юм.
“Megaspeed”-ийг 2024 оноос шалгаж эхэлжээ
АНУ-ын Худалдааны болон Хууль зүйн яамны арваннэгдүгээр сарын 16-ны хамтарсан мэдэгдэлд экспортын хязгаарлалттай хагас дамжуулагч бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотой сэжигтэй үйл ажиллагааг илрүүлсний үндсэн дээр 2024 онд “Megaspeed”-ийг шалгаж эхэлсэн байдаг.
2025 оны тавдугаар сард АНУ-ын мөрдөн шалгах байгууллага “Nvidia”-аас “Megaspeed”-д шууд болон шууд бусаар борлуулсан бүтээгдэхүүний мэдээллийг шаардсан байна.
Үүний дараа буюу өнгөрсөн оны зургаадугаар сард “Nvidia” тус компани худалдааны бус компаниудын дотоод жагсаалтад оруулжээ.
Мөн тухайн сард АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгчид Сингапурын хууль сахиулах байгууллагатай хамтран “Megaspeed”-ийн үйл ажиллагаанд газар дээр нь шалгалт хийж, тухайн үеийн гүйцэтгэх захирал Алис Хуанаас мэдүүлэг авсан аж.
Одоогоор эрүүгийн мөрдөн шалгах ажиллагааг АНУ-ын Хууль зүйн яам удирдан явуулж байна.
“Alibaba”-ийн хиймэл оюуны бизнес ч хязгаарлалтад өртөж болзошгүй
Экспортын хязгаарлалтад шинээр хамрагдсан “Apex Enterprise Solutions” нь Хятадын технологийн томоохон компани “Alibaba”-ийн эзэмшлийн Сингапур дахь компани юм.
Сингапурын компанийн бүртгэлийн баримтад тулгуурлан “The Straits Times”-ийн мэдээлснээр, “Apex Enterprise Solutions” нь “Megaspeed”-ийн Малайз дахь “Speedmatrix” компанитай санхүүгийн харилцаатай байжээ.
Сингапур экспортын хяналтыг тойрох суваг болохгүй
Сингапурын Ерөнхий сайд Лоренс Вонг арваннэгдүгээр сарын 24-нд Австралид хийсэн айлчлалынхаа үеэр “Megaspeed”-тэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг “Reuters” мэдээлэв.
Сингапурын эрх баригчид тус компани дотоодын хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шалгахын зэрэгцээ АНУ-ын холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцож, хэлэлцээ хийж байгаа аж.
Лоренс Вонг өмнө нь Сингапурыг бусад улсын экспортын хязгаарлалтыг тойрон гарах суваг болгон ашиглуулахгүй гэдгийг онцолж байсан юм. Вашингтоны шинэ арга хэмжээ нь хиймэл оюуны дэвшилтэт технологийн нийлүүлэлтэд тавих хяналт чип үйлдвэрлэгчдээс гадна дата төвийн оператор, үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгч болон тоног төхөөрөмжийн зуучлагч компаниудыг хамран өргөжиж байгааг харуулна.
Энэ нь Зүүн Өмнөд Азийн дата төвүүдийн тоног төхөөрөмжийн худалдан авалт, хиймэл оюуны дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон технологийн нийлүүлэлтийн зардалд нөлөөлж болзошгүй. “Megaspeed”-тэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





