Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд ₮857,000 олгох саналыг судлах ажлын хэсэг байгууллаа
УИХ-ын хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857,000 төгрөг олгох саналыг судлах ажлын хэсэг байгуулахыг 52.9 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны лхагва гарагийн хамтарсан хуралдаанаар Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857,000 төгрөг олгох тухай нийтийн өргөдлийг хэлэлцэж, холбогдох хуулийн төсөл санаачлах асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа.
Хуралдааны үеэр Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашиг олгох хугацааг 2027 он болгон наашлуулах асуудлаар хэлэлцэж, Монголын талд гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж буйг мэдээлэв. Түүний танилцуулсан “Оюу Толгой” болон “Рио Тинто” группийн захидалд 2027 онд хувьцаа эзэмшигчдэд эзэмшлийн хувь хэмжээнд нь тохируулан ногдол ашиг олгох асуудлаар талууд санал солилцсоныг дурджээ.
Төлөвлөсөн гурван их наяд төгрөг нь компанийн улсын төсөвт төлөх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад хураамжаас тусдаа дүн юм.
Гэхдээ ногдол ашиг олгох асуудлыг компанийн засаглалын хүрээнд эцэслэн шийдвэрлэх шаардлагатай хэвээр байна.
Бэлэн мөнгө тараавал инфляц 1–1.8 хувиар өсөх эрсдэлтэй Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд ногдол ашгийг иргэдэд шууд шилжүүлэх нь инфляц болон үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварт хэрхэн нөлөөлөхийг тодруулжээ.
Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар ногдол ашгийг бэлнээр тараасан нөхцөлд 2027 оны эцэст инфляц 1–1.8 хувийн пунктээр нэмэгдэх урьдчилсан төсөөлөлтэй байгааг мэдээлэв.
Тэрбээр эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч уг тооцоолол өөрчлөгдөх боломжтойг онцолсон байна.
Хуралдаанд оролцсон зарим гишүүн ногдол ашгийг бүх иргэнд ижил хэлбэрээр олгохын оронд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад бүлэгт бэлнээр олгох, сургалтын төлбөр, зээлийн эргэн төлөлтөд ашиглах зэрэг хувилбарыг судлах санал гаргажээ. Ажлын хэсгийг Н.Батсүмбэрэл ахална Хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь тогтоолын төслийг дэмжсэнээр УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа.
Ажлын хэсэг нийтийн өргөдөлд тусгасан саналыг судалж, ногдол ашгийг иргэдэд олгох боломж, эрх зүйн зохицуулалт болон холбогдох шийдлүүдийн талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





