“Anthropic” код хянаж, баталгаажуулах ажлыг автоматжуулах Claude Ship хэрэгслээ танилцууллаа
Anthropic” код өөрчлөлтийг хянаж, алдааг засч, урьдчилан тогтоосон шалгуурын дагуу хүний оролцоогүйгээр батлах Claude Ship хэрэгслээ танилцууллаа.

АНУ-ын хиймэл оюуны технологи хөгжүүлэгч “Anthropic” компани даваа гарагт программ хангамжийн хөгжүүлэлтийн кодыг хянах, баталгаажуулах ажлыг автоматжуулах Claude Ship багцаа танилцууллаа. Хиймэл оюуны туслахууд богино хугацаанд их хэмжээний код бичих боломжтой болсон ч тэдгээрийг шалгаж, үндсэн системд нэгтгэх зөвшөөрөл олгоход хөгжүүлэгчид ихэнх цагаа зарцуулсан хэвээр байгааг тус шийдэл амарчлах зорилготой аж. Claude Ship-ийн гол ялгаа нь хиймэл оюун зөвхөн код бичиж, алдаа илрүүлээд зогсохгүй хөгжүүлэлтийн багийн тогтоосон бодлого, шалгуурт нийцсэн өөрчлөлтийг хүний оролцоогүйгээр шууд батлах чадварт оршино. Компанийн мэдээлснээр Claude Code-ийг хөгжүүлдэг багийн программын кодын дийлэнх хэсгийг өдгөө “Claude” бие даан бичиж байгаа тул хяналт, баталгаажуулалтыг ижил хурдаар гүйцэтгэх шаардлага үүссэн байна
Шинэ багцын гурван үндсэн хэрэгсэл Claude Ship нь дараах гурван үндсэн хэрэгслээс бүрдэнэ. Үүнд: “Code Review”: Кодын өөрчлөлтийг хянаж, болзошгүй алдаа, техникийн асуудлыг илрүүлнэ. Энэ хэрэгсэл хэрэглээнд нэвтэрсэн. “PR Steward”: Автомат шалгалтаар илэрсэн алдаа болон код нэгтгэх үеийн зөрчлийг засч, хийсэн өөрчлөлт хийгээд түүнийг хэрхэн буцаах зааврыг мэдээлнэ. Одоогоор туршилтын шатанд явж байна. “Claude Approvals”: Хөгжүүлэлтийн багийн урьдчилан тогтоосон шалгуурын дагуу кодын өөрчлөлтийг автоматаар батална. Мөн туршилтын шатанд байна. Хөгжүүлэгчид баталгаажуулалтын дүрмээ энгийн хэлээр бичих, заавал хүний шийдвэр шаардах өөрчлөлтийг тусгайлан заах, хяналтын түвшин болон сарын зардлын дээд хязгаарыг тохируулах боломжтой. Уг багцыг код хөгжүүлэлтийн “GitHub” платформ ашигладаг Claude Team болон Enterprise багцын хэрэглэгчдэд санал болгож буй.
Дотоод үр дүн ба аюулгүй байдлын анхааруулга “Anthropic”-ийн дотоод мэдээллээр Claude Code багийн үндсэн кодод нэгтгэсэн өөрчлөлтийн тоо 2026 оны зургадугаар сараас есдүгээр сарын хооронд хоёр дахин нэмэгдэж, буцаах шаардлагатай болсон өөрчлөлтийн эзлэх хувь 40 гаруй хувиар буурчээ. Гэхдээ энэ үзүүлэлт нь зөвхөн нэг хэрэгслийн бус, хиймэл оюуны хяналтыг багтаасан хөгжүүлэлтийн цогц үйл ажиллагааны үр дүн гэдгийг компани тодотгосон байна. Түүнчлэн автомат баталгаажуулалтыг шууд идэвхжүүлэхийн өмнө хиймэл оюуны шийдвэрийг эхлээд зөвхөн ажиглалтын горимоор туршихыг “Anthropic” зөвлөв. Мөн шинэ хэрэгсэл нь программын алдаа, аюулгүй байдлын эмзэг байдлыг бүрэн илрүүлэх баталгаа болохгүйг компани анхааруулжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





