CMM: Монголын эдийн засгийн өсөлт 2027 онд 5.5 хувь болж саарах төлөвтэй
Сингапурт болсон Монголын хөрөнгө оруулалтын форумд ойролцоогоор 250 төлөөлөгч, 200 гаруй хөрөнгө оруулагч оролцож, Монголын эдийн засгийн төлөв, бондын зах зээл, эрчим хүч, дэд бүтцийн хөрөнгө…

Монгол Улсын 2027 оны хөрөнгө оруулалтын төлөвийг үнэлэхэд уул уурхайн салбарын гүйцэтгэлээс гадна улс төрийн тогтвортой байдал, бодлогын тодорхой байдал болон олон улсын санхүүжилтийн нөхцөл чухал нөлөө үзүүлэхээр байгааг “Capital Markets Mongolia” (CMM)-ийн санаачилсан "Монголын хөрөнгө оруулалтын форум 2026"-ийн үеэр онцолжээ.
“Capital Markets Mongolia”-ийн 2026 оны гуравдугаар улирлын бондын зах зээлийн судалгаагаар Монголын олон улсын барьцаагүй, тэргүүн ээлжид төлөгдөх 23 бондын үлдэгдэл 6.5 тэрбум ам.долларт хүрснийг мөн мэдээлжээ.
2026 оны томоохон бондууд:
Засгийн газар-$500 сая
“Голомт банк”-$500 сая
Монгол Улсын Хөгжлийн банк-$750 сая
Монгол Улсын Хөгжлийн банк зургаадугаар сарын 26-нд 500 сая ам.долларын бонд гаргасан бол долоодугаар сарын 30-нд 250 сая ам.долларын бондыг нэмснээр 2031 онд хугацаа нь дуусах бондын нийт хэмжээг 750 сая ам.долларт хүргэсэн байна.
Тус банк Засгийн газрын баталгаагүйгээр олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татсанаараа онцлог юм.
Харин “Голомт банк” гурван жилийн хугацаатай, жилийн 7.95 хувийн купоны хүүтэй 500 сая ам.долларын бонд гаргажээ.
Монгол Улсын Засгийн газар 500 сая ам.долларын бонд гаргахын зэрэгцээ өмнөх бондын 475.9 сая ам.долларын өр төлбөрийг эргүүлэн худалдан авсан байна.
Арилжааны банкууд уул уурхайн бус салбарын санхүүжилтийг нэмэгдүүлж байна
2026 оны аравдугаар сараас арваннэгдүгээр сарын эхэн хүртэл Монголын арилжааны банкууд олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай хэд хэдэн томоохон санхүүжилтийн хэлцэл байгуулжээ.
Тухайлбал, ХААН банктай холбоотой зарласан гурван санхүүжилтийн хэлцлийн нийт дүн 512 сая ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн “Голомт банк” Канадын хөгжлийн санхүүжилтийн байгууллага “FinDev Canada”-тай 50 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулсан бол “Богд банк” хөрөнгө оруулалтын менежментийн “BlueOrchard”-аас 15 сая ам.долларын санхүүжилт татсан талаар CMM мэдээлжээ.
Эдгээр санхүүжилт нь бичил, жижиг, дунд бизнес, эмэгтэй бизнес эрхлэгчид, хөдөө аж ахуй болон байгаль орчинд ээлтэй төслүүдийг дэмжихэд чиглэж байна.
2027 онд $1.59 тэрбумын бондын төлбөрийн хугацаа дуусна
Монголын бонд гаргагчдын хувьд ирэх онд өрийн дахин санхүүжилт анхаарал татах асуудлын нэг болохоор байна. CMM-ийн аравдугаар сарын 12-нд нийтэлсэн судалгаагаар 2027 онд нийт 1.59 тэрбум ам.долларын олон улсын бондын төлбөрийн хугацаа дуусах төлөвтэй байна. Дэлхийн санхүүжилтийн нөхцөл чангарч, дотоодын төсвийн зарлага тэлэх үед бондын төлбөрийг дахин санхүүжүүлэх нөхцөл, өртөг нь Монголын төр болон хувийн хэвшлийн санхүүжилтэд чухал нөлөө үзүүлэхээр байгааг тус судалгаанд онцолжээ.
Улс төрийн тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээ болон өгөөжид нөлөөлж, шинэ санхүүжилтийн өртгийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзсэн байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны эдийн засгийн төлөвийн тайланд Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өссөнийг тэмдэглэжээ.
Тайлант хугацаанд нүүрсний олборлолт өмнөх оны мөн үеэс 52.4, зэсийн үйлдвэрлэл 20 хувиар нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн байна.
Тус банк Монголын эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6.3 хувь, 2027 онд 5.5 хувь байхаар төсөөлжээ.
БНХАУ-ын эрэлт сулрах, ОХУ-аас нийлүүлэх шатахууны хамаарал, нийлүүлэлтийн тасалдал болон дэлхийн эрчим хүчний үнийн өсөлтийг Монголын эдийн засгийн гол эрсдэлүүдээр нэрлэсэн байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





