Багш нарын цалин, нийгмийн баталгааг сайжруулахад ₮2.2 их наяд шаардлагатай
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 68.8 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа нарын 39 гишүүний өргөн мэдүүлсэн "Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг санал хураахад оролцсон 16 гишүүний 11 нь буюу 68.8 хувь нь дэмжсэн байна.
Төсөлд боловсролын салбарын цалин хөлс, нийгмийн баталгаа, төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ багшийг улс төрөөс ангид байлгах одоогийн хуулийн заалтыг хүчингүй болгохоор тусгасан нь гишүүдийн дунд маргаан дагуулав.
Засгийн газар ₮2.2 их наядын нэмэлт зардлыг санхүүжүүлэх боломжгүй гэж үзэв
Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын саналыг танилцуулахдаа хуулийн төсөл батлагдсан тохиолдолд 2.2 их наяд төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардлагатай болох тул төсөв, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан дэмжих боломжгүй гэж мэдэгдлээ.
Түүнчлэн төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг салбарын хуулиар ялгаатай зохицуулах нь салбар хоорондын тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж, төрийн албаны нэгдсэн бодлого алдагдах эрсдэлтэй гэж Засгийн газар үзэж байна.
Хуулийн төсөлд боловсролын салбарын санхүүжилтийг тухайн жилийн төсөвт тооцсон ДНБ-ий долоогоос доошгүй хувь, эсвэл улсын төсвийн нийт зардлын 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээнд хүргэхээр тусгасан байна.
Багшийн үндсэн цалинг улсын дундаж цалингаас багагүй байлгана
Хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол сургалтын байгууллагын багш, удирдах болон мэргэжлийн ажилтны үндсэн цалинг улсын дундаж цалингаас багагүй байхаар тогтоож, инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр шинэчлэхээр тусгажээ.
Цалин хөлстэй холбоотой бусад зохицуулалтад:
Хувийн болон төрийн өмчийн боловсролын байгууллагын багш, удирдах болон мэргэжлийн ажилтны цалин хөлсийг ижил түвшинд тогтоох;
Боловсролын нийтлэг үйлчилгээний ажилтан болон багшийн үндсэн цалингийн зөрүүг 20 хувиас хэтрүүлэхгүй байх;
Нэг анги, бүлэгт суралцах хүүхдийн тоо тогтоосон нормативаас хэтэрсэн тохиолдолд багшид нэмэгдэл цалин олгох;
Анги, бүлэг удирдсан багшийн нэмэгдлийг суралцагчдын тоотой уялдуулан тогтоох зэрэг багтжээ.
Багш нарын тэтгэвэрт гарах насыг наашлуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэмжсэнгүй
Төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагад 25-аас дээш жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн багш, мэргэжлийн болон удирдах ажилтан өөрөө хүсвэл эмэгтэй 50, эрэгтэй 55 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой байхаар тусгажээ.
Мөн нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцохдоо ажилласан нэг жилийг 1.5 жилээр тооцох зохицуулалт оруулсан байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн яамны төлөөлөл хүн амын дундаж наслалт нэмэгдэж буй нөхцөлд тэтгэвэрт гарах насыг наашлуулах нь нийгмийн хамгааллын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж тайлбарлав.
Тэтгэвэр тогтоох хэмжээ нь ажилласан хугацаа, шимтгэл төлсөн цалингаас хамаардаг тул эрт тэтгэвэрт гарснаар тухайн ажилтны авах тэтгэврийн хэмжээ буурах эрсдэлтэйг мөн онцолжээ.
Багш нарыг улс төрөөс ангид байлгах заалтыг хасах санал маргаан дагуулав
Хуулийн төсөлд багш нарыг улс төрөөс ангид байлгах, хуулиар зөвшөөрснөөс бусад улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй байх одоогийн зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгажээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн зөвлөх Д.Мөнхбаатар уг өөрчлөлтийг багш нарын улс төрийн эрхийг сэргээх зорилгоор боловсруулсан гэж тайлбарласан байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Б.Хэрлэн нар анх хуулийн төслийг дэмжиж, гарын үсэг зурах үед санал нэгдэж байсан зарим зохицуулалт өөрчлөгдсөн талаар байр сууриа илэрхийлжээ.
Багш, ажилтны нийгмийн баталгааг нэмэгдүүлэхээр тусгажээ
Хуулийн төсөлд боловсролын салбарын хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулах, багш мэргэжлээр суралцагчдыг дэмжих дараах зохицуулалтыг тусгасан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулах;
Багш мэргэжлээр амжилттай суралцаж буй оюутанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй амьжиргааны тэтгэлэг сар бүр олгох;
Хуулийн төсөлд заасан орон нутгийн боловсролын байгууллагын багш, мэргэжлийн болон удирдах ажилтанд гурван жил тутамд, нийтлэг үйлчилгээний ажилтанд таван жил тутамд зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгох;
Албан тушаалын онцлогоос хамааран ажлын 21, 27 болон 33 өдрийн нэмэгдэл амралт олгох;
Боловсролын байгууллагын удирдах албан тушаалтныг таван жилийн хугацаатай томилж, ажлын үр дүнгээс хамааран нэг удаа гурван жилээр улируулан томилох.
Мөн нэг суралцагчид ногдох сургалтын хувьсах зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, инфляцтай уялдуулан жил бүр шинэчлэхээр тусгажээ.
Цэцэрлэг, сургуулийн үдийн хоол болон дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг мөн инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх санал оруулсан байна.
Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн ч төсөвт үзүүлэх нөлөө, хувийн хэвшлийн цалингийн зохицуулалт, тэтгэврийн нөхцөл болон багш нарын улс төрийн оролцоотой холбоотой асуудлуудыг УИХ-ын дараагийн шатны хэлэлцүүлгээр шийдвэрлэх юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





