С.Цэнгүүн: Хэсгийн ахлагч нар нүүрсний квотоор иргэдийг айлгаж байна; Ерөнхий сайд нэрийг нь өгөхийг хүсэв
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн гэр хорооллын айлуудад түлш хуваарилах квот хэсгийн ахлагч нараар дамжиж, яриа өгсөн иргэнийг заналхийлсэн тохиолдол гарсныг хөндөхөд Ерөнхий сайд Н.Учрал нэр бүхий хүмүүст хариуцлага тооцохоо илэрхийлж, төсвийн ил тод байдлын хуулийг дэмжинэ гэлээ.

УИХ-ын 11 дүгээр сарын 27-ны нэгдсэн хуралдааны асуулгын цагаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн гэр хорооллын түлшний хүртээмж, төсвийн ил тод байдлын асуудлыг Ерөнхий сайд Н.Учралд тавилаа.
«Нууц сүлжээ»
С.Цэнгүүн нүүрсний гэрээг нууцад авчихаад, иргэд гэртээ хэдэн шуудай нүүрс түлэхийг төр заадаг болсон гэж шүүмжлэв. Түүний хэлснээр хэсгийн ахлагч нараар дамжсан «нууц сүлжээнд» элсээгүй хүнд квот олддоггүй аж. «Энэ мэт дабл стандартаа, та ер нь Монголоо бодоод энэ нэг сүлжээг задлаад өгч болохгүй байгаа юм уу?» гэж тэрбээр асуув.
Гишүүн өнгөрсөн долоо хоногт гэр хорооллын гудамжинд иргэдтэй уулзахад тэд түлшний хүртээмж үнэхээр хүнд байгааг хэлсэн гэв. Үүний дараа нэгэн иргэнд хэсгийн ахлагч нь утасдаж, квот өгөхгүй, ажлаас нь халуулна гэж заналхийлсэн тухай тухайн иргэн өөрт нь хэлсэн гэж С.Цэнгүүн ярив. «Гудамжинд яриа өгөхөөсөө иргэд чинь айдаг болчихлоо шүү дээ» гээд, ийм иргэдийг хэрхэн хамгаалахыг МАН-ын дарга, Ерөнхий сайдаас асуусан.
Төсвийн ил тод байдлын хууль
С.Цэнгүүн мөн татвар төлөгчдийн мөнгийг ил тод болгох хуулийн төслийг унагаасныг шүүмжилж, залуучууд 100 мянган иргэний гарын үсэг цуглуулж байгааг дурдав. Шилэн данснаас зарцуулалт дууссаны дараа л шамшигдуулалтыг олж хардаг бол төлөвлөлтөөс нь эхлэн хянаж байж авлигыг барина гэж тэрбээр хэлсэн.
Ерөнхий сайдын хариулт
Н.Учрал «нэр бүхий хүмүүсийн нэрийг надад өгөөрэй. Яг би тэд нарт бүгдэд хариуцлага тооцъё» гэж хариулав. Тэрбээр «төсөв, төсвийн зарцуулалтыг ил тод болгох хуулийг, би таны хуулийг би дэмжинэ» гээд, төсвийн бодлоготой уялдуулах саналаа тохиролцож Засгийн газраас ч өргөн мэдүүлэхэд бэлэн гэв.
Агаарын бохирдлын талаар Ерөнхий сайд агаарын бохирдлыг бууруулах дараагийн таван жилийн төлөвлөгөөг батлах хэрэгтэй гээд, сайжруулсан түлшийг Хятадаас хүлээж суухын оронд Багануурын нүүрсний пиролизын үйлдвэрийг ажиллуулах нь зөв зам гэв. Түүний хэлснээр уг төсөл ажлаа эхэлжээ.
Н.Учрал мөн «надад бол нууцад оруулсан гэрээ байхгүй ээ» гээд, мэдээллийг нээснээр цахим засаглалын үнэлгээгээр Монгол Улс 43 байр урагшилсан гэж хэлсэн.
Эх сурвалж: УИХ-ын чуулганы 2026.11.27-ны нэгдсэн хуралдааны тэмдэглэл
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





