Чөлөөт бүсэд бооцоот тоглоом зөвшөөрөх эсэх нь маргаан дагуулав
Эдийн засгийн тусгай бүсийн хуулийн төсөл бооцоот тоглоом, казино байгуулах боломж нээж байна гэж УИХ-ын гишүүн М.Энхцэцэг санаа зовниж байгаагаа илэрхийлсэн бол хууль санаачлагч Х.Ганхуяг энэ мэдээлэл худал гэж хариуллаа.

УИХ-ын 11 дүгээр сарын 27-ны нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр бооцоот тоглоомын асуудлаар хууль санаачлагч болон гишүүдийн хооронд маргаан өрнөлөө.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаагаа хэлээд, чөлөөт бүсэд «олон улсын банк, бооцоот тоглоом, за бараг л одоо казино байгуулахыг одоо зөвшөөрөхөөр» тусгасан гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Иргэд бооцоот тоглоомд орж гэр орноо алдах эрсдэлтэй гээд, чөлөөт бүс «эдийн засгийн хөгжлийн бүс болох уу, эсвэл одоо монголчуудын кармааг хоосолдог, сэгсэрдэг мөрийтэй тоглоомын үүр уурхай болох уу» гэдгийг бодох хэрэгтэй гэлээ.
Тэрбээр мөн дагалдах хуулиар Хархорум хотыг эдийн засгийн тусгай бүс болгож, мөрийтэй тоглоом, татварын хөнгөлөлт, тусгай визний журам үйлчлэхээр болж байгаа нь зөв үү гэж асуув.
Хууль санаачлагчийн хариулт
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг бооцоот тоглоомын зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хууль болон салбарын хуульд заасан журмаар, асуудал хариуцсан сайд олгоно гээд, чөлөөт бүсийн захирагч ч, бүс хариуцсан сайд ч энэ талаар ямар нэг шийдвэр гаргахгүй гэж тайлбарлав.
Тэрбээр М.Энхцэцэгт хандан «казино мазино гээд та нэг жоохон худлаа л ярьчихлаа л даа. Тийм асуудал энэ хууль дээр нэг ч үг үсэг бол байхгүй ээ» гэж хэлсэн.
М.Энхцэцэг тодруулахдаа иргэд бооцоот тоглоомд донтох, орон сууцаа алдахаас сэргийлсэн заалт хуульд байгаа эсэхийг л асуусан гэж хариулав. Тэрбээр хэлэлцүүлгийн төгсгөлд байр сууриа илэрхийлэхдээ Монголд олон гэр бүл бооцоот болон мөрийтэй тоглоомд гэр орноо алдсан эмгэнэлтэй байдал бий болсон тул энэ асуудалд нухацтай хандах ёстой гэж дахин онцлов.
Бусад гишүүдийн байр суурь
УИХ-ын гишүүн Б.Батбаатар төслийн 18 дугаар зүйлд заасан «санхүүгийн төв, санхүүгийн үйл ажиллагаа» Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүрэгтэй хэрхэн уялдахыг тодруулсан. Тэрбээр мөн бүсэд эрхлэх үйл ажиллагааны жагсаалтад «төлбөрт таавар, бооцоот тоглоом» гэсэн үг орсон нь хуулийг батлуулахад хүндрэл үүсгэнэ гээд хууль санаачлагчид эдгээр үгийг татаж авахад бэлэн эсэхийг асуув. Х.Ганхуяг санхүүгийн төвийн асуудлыг тусдаа хуулиар зохицуулна гэж хариулсан байна.
Эх сурвалж: УИХ-ын чуулганы 2026.11.27-ны нэгдсэн хуралдааны тэмдэглэл
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





