Баавгайг суурин газраас холдуулахад ₮1 тэрбумыг зарцуулах уу?
Хэнтий аймагт орж ирсэн баавгайд хийсэн задлан шинжилгээгээр хоол тэжээлийн дутагдалтай, шимэгч хорхойтой байсан нь тогтоогджээ. Засгийн газрын нөөц сангаас 1 тэрбум гаруй төгрөг гаргаж, унтуулгын буу, хамгаалалтын цацлага, шатахуун болон баавгайн хоол тэжээлийн зардлыг санхүүжүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Аймгуудад унтуулах сумтай буу нийлүүлэхээр төлөвлөж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир суурин газарт баавгай орж ирж буй нөхцөл байдлын гол шалтгааныг хоол тэжээлийн хомсдолтой холбон тайлбарлав.
Түүний мэдээлснээр Хэнтий аймагт орж ирсэн баавгайд задлан шинжилгээ хийхэд хоол тэжээлийн дутагдалтай, шимэгч хорхойтой байсан нь тогтоогджээ. Мөн зарим баавгай тарга тэвээрэг муутай, шарх сорвитой байсан нь ажиглагдсан байна.
Баавгайнууд суурин газар бараадах болсон шалтгааныг тогтоох хүрээнд ОХУ-аас Монголд орж ирсэн байх магадлалыг ч авч үзжээ. Гэвч 6,000 гаруй км-ээс орж ирэх боломж хомс гэж үзэн, хоол тэжээлийн дутагдал гол нөлөө үзүүлсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Баавгай 30-аас 40 км-ийн зайнаас үнэр мэдрэх чадвартай тул суурин газрын хогийн цэгийн үнэрийг даган орж ирэх тохиолдол гарч байгаа аж. Баавгайг суурин газраас холдуулахын тулд самар, жимс, зарим тохиолдолд мах зэрэг хоол тэжээлийг зориулалтын газарт байршуулж байгаа гэж мэдээлэв.
Засгийн газрын хуралдаанд нөөц сангаас 1 тэрбум гаруй төгрөгөөр баавгайг унтуулах зориулалттай буу болон зайнаас цацдаг хамгаалалтын цацлага худалдан авах саналыг ч танилцуулахаар болжээ. Мөн шатахуун, хоол тэжээлийн зардлыг уг санхүүжилтэд багтаах юм.
Унтуулах зориулалттай нэг ширхэг буу 32 сая орчим төгрөгийн үнэтэй бөгөөд аймгуудад ийм төрлийн хэрэгсэл нийлүүлэх асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байгааг албаныхан мэдээлэв.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





