Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар нам, эвслүүд хамтарсан ажлын хэсэг байгуулна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламентад суудалтай нам, эвслийн удирдлагуудыг оролцуулсан Зөвшилцлийн зөвлөлийн анхны уулзалтыг зохион байгууллаа.

УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт арваннэгдүгээр сарын 24-нд УИХ-д суудалтай нам, эвслийн удирдлагуудтай уулзаж, Зөвшилцлийн зөвлөлийн анхны хуралдааныг зохион байгууллаа.
Уулзалтад Монгол Ардын намын дарга Н.Учрал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр нар оролцжээ.
Улс төрийн нам, эвслийн удирдлагууд дараах дөрвөн чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдон ажилдаа орох хүртэл улс орны тогтвортой байдлыг хангаж, нийгэмд талцал, хуваагдал, сөргөлдөөн үүсгэхгүй байх, улс орны нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавих;
Хоёрдугаарт, улс орон, иргэдэд тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх хууль тогтоомжийн төслүүдийг 2026 онд багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах;
Гуравдугаарт, улс төрийн нам, эвслүүдийн санал зөрөлдөөн, үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх;
Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулж, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд шударга явуулах зарчим болон цаашдын хамтын ажиллагааны хэлбэр, агуулгыг тохиролцохоор болжээ.
Уулзалтын дараа Шадар сайд, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр УИХ-ын намрын ээлжит чуулганыг арванхоёрдугаар сарын 31-нд хаах төлөвтэй байгааг хэвлэлд мэдээлсэн юм.
Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тов, хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон энэ онд багтаан батлахаар тохиролцсон эдийн засгийн чиглэлийн хууль тогтоомжийн төслүүдийн жагсаалтыг одоогоор танилцуулаагүй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





