Нийслэл 2027 онд их багтаамжийн нийтийн тээвэрт 100 тэрбум, дугуйн замд ₮10 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ
Яармагаас 120 мянгат хүртэл 13 км чиглэлд нэвтрүүлэхээр төлөвлөж буй их багтаамжийн нийтийн тээврийн төслийн нийт төсөвт өртгийг 367 тэрбум төгрөгөөр тооцжээ.

Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, явган болон дугуйн замын сүлжээг өргөтгөх хөрөнгө оруулалтыг түлхүү тусгажээ.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНХАУ-ын “BYD” компанитай гэрээ байгуулж, “Sky Shuttle” их багтаамжийн тээврийн хэрэгслийг Яармаг дахь Архивын ерөнхий газраас 120 мянгатын Тэмээтэй хөшөө хүртэл ойролцоогоор 13 км чиглэлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн.
Их багтаамжийн нийтийн тээврийн төслийг 2027–2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийт төсөвт өртөг 367 тэрбум төгрөг гэж тооцжээ. Үүний 27.2 хувь буюу 100 тэрбум төгрөгийг 2027 онд санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна.
Авто замын орц, гарцыг нэмэгдүүлэхэд 5 тэрбум төгрөг хуваарилна
Хотын дарга Улаанбаатарын баруун хэсэгт 14.3 км урт, зургаан эгнээ бүхий “Баруун гарц” хурдны авто зам барихаар төлөвлөж байгааг мөн танилцуулсан.
Харин нийслэлийн төсвийн төсөлд баруун, зүүн чиглэлийн авто замын орц, гарцын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх авто зам, замын байгууламжийн нийт төсөвт өртгийг 2.3 их наяд төгрөг байхаар тусгажээ.
Уг төсөлд 2027 онд 5 тэрбум төгрөг хуваарилахаар төлөвлөсөн нь нийт төсөвт өртгийн 0.22 хувьтай тэнцэж байна.
Дөрвөн уулзварын шинэчлэлд 65.8 тэрбум төгрөг төсөвлөжээ
Авто замын уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд дараах хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн байна.
Хан-Уул дүүргийн Механик, инженерийн тээврийн сургуулийн баруун хойд уулзварт төмөр бетон гүүр барихад 29 тэрбум төгрөг;
Баянбүрдийн тойргийг дөрвөн замын уулзвар болгоход 10 тэрбум төгрөг;
Офицеруудын ордны тойргийг дөрвөн замын уулзвар болгоход 16.4 тэрбум төгрөг;
Улиастайн уулзварыг дөрвөн замын уулзвар болгоход 10.4 тэрбум төгрөг.
Дугуйн болон явган хүний замд 16 тэрбум төгрөг зарцуулна
Нийслэлийн иргэдийн автомашинаас бусад тээврийн хэрэгслээр зорчих нөхцөлийг сайжруулах хүрээнд дугуйн болон моторт бус тээврийн хэрэгслийн шинэ зам барихад 10 тэрбум, дугуйн зогсоолд 1 тэрбум, явган хүний шинэ зам барихад 5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Нийслэлийн 2027 оны төсвийг эцэслэн батлаагүй бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ НИТХ-ын хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөж мэднэ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





