Дэлхийд бүртгэлтэй Монголын 7 өв: Санхүүжилт, хүний нөөц, менежментийн асуудал тулгамдаж байна
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Дэлхийн өвийн газруудын хадгалалт, хамгаалалт, менежментийг сайжруулах олон талт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлтэй Монгол нутгийн хамгаалалт, менежментийг сайжруулах чиглэлээр хамгаалалтын захиргааны байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал, санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг авч хэлэлцжээ.
Монгол Улс 1990 онд Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцод нэгдэж, 2003 оноос хойш долоон өвийг энэхүү жагсаалтад бүртгүүлээд байна. Үүнд:
Байгалийн өв: Увс нуурын ай сав газар (2003), Дагуурын ландшафт (2017)
Соёлын өв: Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд (2023), Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборууд (2026)
Дэлхийн өвийн бүртгэл нь тухайн газар нутгийн олон улсын үнэ цэнийг баталгаажуулахын зэрэгцээ хадгалалт, хамгаалалтыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх үүргийг тухайн улс хүлээдэг. Тэгвэл Орхоны хөндийд уул уурхай, газар ашиглалт, аялал жуулчлалын зохицуулалт, Монгол Алтайн хадны зурагт байгалийн өгөршил, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гэмтэл, Увс нуур, Дагуурын ландшафтад уур амьсгалын өөрчлөлт, усны нөөц, бэлчээрийн доройтол, түймэр, Бурхан халдунд аялагчдын хөдөлгөөн, тахилгат газар нутгийн хамгаалалт, Буган чулуун хөшөө, Хүннүгийн оршуулгын цогцолборт хууль бус малтлага, археологийн дурсгалын эвдрэл, хамгаалалтын дэд бүтцийн асуудал тулгамдаж байна Өвийн газруудыг хамгаалахыг орон нутгийн хөгжил, тогтвортой аялал жуулчлалтай уялдуулах нь соёлын болон байгалийн өвийг хамгаалахын зэрэгцээ орон нутгийн эдийн засгийг дэмжих ач холбогдолтой.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





