КАРЕК-ийн Бизнес форум: Монголын стартап компаниуд, хиймэл оюун, худалдааны коридор ба хөрөнгө оруулалтыг онцоллоо
Тус форумын хоёр дахь өдөр Монголын гарааны компаниуд, жижиг, дунд бизнесийн санхүүжилт, хиймэл оюуны бэлэн байдал болон эдийн засгийг төрөлжүүлэх боломжийг хэлэлцлээ.

КАРЕК-ийн бизнес форумын хоёр дахь өдрийн үйл ажиллагаа “Шангри-Ла” зочид буудалд үргэлжилж, хэлэлцүүлгийн гол анхаарал Монгол Улсын бизнес, инновац болон бүс нутгийн зах зээлтэй холбогдох боломжийг онцолж байна.
“Монгол Улс-Бүс нутгийн анхаарлын төвд” сэдэв дор үргэлжилж буй хэлэлцүүлгээр Монголын хувийн хэвшилд тулгарч буй санхүүжилт, зах зээлд нэвтрэх болон технологийн асуудалд илүү төвлөрөв.
Гарааны компаниудыг дотоодын зах зээлд хэрхэн бойжуулах вэ?
Монголын стартапын экосистем, бизнес эрхлэлтийн орчин, хиймэл оюун болон дижитал технологи нэвтрүүлэх бэлэн байдал, жижиг, дунд бизнесийн хөгжил хэлэлцүүлгийн цөм нь юм.
Гарааны компаниуд дотоодын зах зээлээс хальж, бүс нутаг болон олон улсын түвшинд үйл ажиллагаагаа тэлэхэд юу саад болж буйг онцоллоо. Өсөлтийн шатны компаниудын хөрөнгийн хүртээмж, дижитал дэд бүтэц, мэргэшсэн хүний нөөц, хиймэл оюуны шийдэл нэвтрүүлэх боломж, гадаадын хөрөнгө татах нөхцөлийг хэлэлцүүлгийн гол асуудлаар тодорхойлсон байна.
Стартап, ЖДҮ-ийг бүс нутгийн түншлэлээр дамжуулан өргөжүүлэх нь Монголын эдийн засгийг уул уурхай, түүхий эдээс хэт хамааралтай бүтцээс төрөлжүүлэх асуудалтай мөн холбогдож байна.
Далайд гарцгүй орнуудаас зах зээлүүдийг холбосон улс болох зорилт
Мөн Монгол Улсыг худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын бүс нутгийн зангилаа болгон хөгжүүлэх боломжид хэлэлцүүлэг төвлөрч байна.
КАРЕК-ийн хөтөлбөрт Монголыг зөвхөн далайд гарцгүй улс бус, “land-linked” буюу бүс нутгийн зах зээлүүдийг газраар холбосон улс болгон хөгжүүлэх асуудлыг онцолжээ. Үүнд Монголыг БНХАУ болон КАРЕК-ийн бусад зах зээлтэй холбох авто болон төмөр замын коридор, логистикийн төвүүд, мөн КАРЕК-ийн II коридортой холбоотой боломжууд багтаж байна.
Тээвэр, логистикийн дэд бүтцийг дангаар нь нэмэгдүүлэхээс гадна худалдааны санхүүжилт, экспортыг дэмжих механизм, дижитал логистикийн систем болон ухаалаг дэд бүтцийг зэрэг хөгжүүлэх нь чухал гэж оролцогчид онцоллоо. Мөн коридор, логистикийн төслүүдэд хувийн хөрөнгө татах төр, хувийн хэвшлийн түншлэлийн загвар болон худалдаа, логистик, аялал жуулчлалын салбарт компани хоорондын стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцүүлгийн нэг хэсэг болгожээ.
Хэлэлцүүлгээс хөрөнгө оруулалтын төсөл рүү
Үдээс хойших хөтөлбөрөөр хөрөнгө оруулагч, компани, Засгийн газар хооронд стратегийн түншлэл бий болгох, бизнесүүдийг хөрөнгө оруулалтын боломжтой холбох, санхүүжилт татах боломжтой төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг тодорхойлоход хэлэлцүүлэг чиглэж байна. Мөн хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулах замаар форумын хэлэлцүүлгийг бодит бизнесийн харилцаанд шилжүүлэхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ

Хятадын автомашины гадаад борлуулалт 2026 онд 12 саяыг давах төлөвтэй байна
Хятадын автомашины гадаад борлуулалт 2026 онд 12 саяас давж, өмнөх оноос 44 хувиар өсөх төлөвтэй байна. Оны эхний найман сард гадаад борлуулалт 51 хувиар өсөж, 7.


2026–2027 оны дулааны эрчим хүчний гэрээ байгуулах хугацааг 10 дугаар сарын 2 хүртэл сунгав
2026–2027 оны дулааны эрчим хүчний гэрээ байгуулах хугацааг сунгаснаар хэрэглэгчид яаралтай амжих боломжтой боллоо.

Амжилтаа бардамнал мэт сонсогдуулахгүйгээр зөв ойлгуулах дөрвөн арга
Албан тушаал ахих тусам хийсэн ажлынхаа үнэ цэнийг удирдлагад ойлгуулахын зэрэгцээ багийн хувь нэмрийг зөв үнэлэх шаардлага нэмэгддэг.

Юнивишнийн Flash Deals урамшуулал хоёр дахь жилдээ үргэлжилж, дараагийн ялагчдыг тодруулах гэж байна
Юнивишнийн 'Flash Deals' урамшуулал хоёр дахь жилдээ үргэлжилж, хэрэглэгчдэд бэлэг авах боломж нээлээ Урамшуулал нийт дөрвөн үе шаттай бөгөөд гуравдугаар үеийн бэлгийн эзэд аравдугаар сарын 5-ны…

Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын Ерөнхийлөгч Н.Ишигүро бараалхав
Ерөнхий сайд Н.Учрал ЖЕТРО-гийн Ерөнхийлөгч Н.