ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадал 45 хувиар буурсан гэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авах шаардлагатайг мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин арваннэгдүгээр сарын 24-нд Кремльд Засгийн газрын албан тушаалтнууд болон газрын тосны салбарын удирдлагуудтай уулзах үеэрээ тус улсын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд чиглэсэн Украины халдлагад заавал хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.
Гэхдээ тэрбээр хариу арга хэмжээний хэлбэр, хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. В.Путин эрчим хүчний байгууламжуудын хамгаалалтыг бэхжүүлэх, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах нэмэлт арга хэмжээ авах шаардлагатайг онцолжээ. Салбарын хоёр эх сурвалжийн тооцоогоор Украины дроны халдлагын дараа ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал аравдугаар сарын сүүлчээс хойш 45 хувиар буурсан байна. Энэ нь ОХУ-ын дотоодын шатахууны үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хурцатгах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Оросын хэд хэдэн бүс нутагт бензин, дизель түлшний жижиглэн худалдаанд хязгаарлалт тогтоосон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Харин хязгаарлалтын хамрах хүрээ, үргэлжлэх хугацаа тодорхойгүй байна. Шатахууны импортын дийлэнхийг ОХУ-аас бүрдүүлдэг Монгол Улсын хувьд хойд хөршийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, дотоодын түлшний хэрэглээ болон экспортын бодлого анхаарал татаж байна.
ОХУ-ын газрын тос боловсруулах хүчин чадал буурч, дотоодын нийлүүлэлтэд дарамт нэмэгдвэл экспортод нөлөөлөх эрсдэлтэй.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





