АНУ-ын 403 өгөгдлийн төв нэг мужийн хэрэглээтэй дүйх хэмжээний эрчим хүч ашиглаж байна
Харвардын их сургуулийн судалгаагаар АНУ-ын 403 томоохон дата төвийн жилийн эрчим хүчний хэрэглээ Мичиган мужийн хэрэглээтэй дүйцэж байгааг тогтоожээ.

АНУ-ын томоохон өгөгдлийн төвүүдийн эрчим хүчний хэрэглээ болон хүлэмжийн хийн ялгарал өмнөх тооцооллоос өндөр байгааг Харвардын их сургуулийн Өгөгдлийн шинжлэх ухааны санаачилгын шинэ судалгаа харууллаа.
Судлаачид АНУ-д үйл ажиллагаа явуулж буй хэт их хүчин чадалтай ангилалд багтах 403 өгөгдлийн төвийг хамруулан судалжээ. Эдгээр байгууламжийн жилийн эрчим хүчний хэрэглээ Мичиган мужийн нийт хэрэглээтэй дүйцэж, хүлэмжийн хийн ялгарал нь зарим улсаас ч давсан байна.
Судалгааны ахлах зохиогч, Харвардын их сургуулийн судлаач Жанлука Гуиди энэхүү тооцоолол дата төвүүдийн эрчим хүчний бодит хэрэглээний зөвхөн доод хязгаарыг илэрхийлж байгааг онцолжээ.
Нэг өгөгдлийн төвийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 30 мянган өрхтэй тэнцэж байна
Хиймэл оюун, цахим худалдаа, үүлэн технологийн үйлчилгээг дэмждэг дата төвүүд сервер, тооцооллын чипүүдийг ажиллуулах болон хөргөхөд тасралтгүй цахилгаан эрчим хүч шаарддаг. Судалгаанд хамрагдсан нэг өгөгдлийн төвийн цахилгаан хэрэглээ гэхэд л дунджаар 30 мянган өрхийн хэрэглээтэй тэнцэж байжээ.
Технологийн компаниуд дата төвүүдийнхээ цахилгаан хэрэглээний нарийвчилсан мэдээллийг тэр бүр ил болгодоггүй тул судлаачид хиймэл дагуулын зураг, байгууламжийн талбай болон зөвшөөрөгдсөн эрчим хүчний дээд хүчин чадлын мэдээллийг ашиглан 2024–2025 оны хэрэглээг тооцоолсон байна.
Мөн дата төвүүдийг цахилгаанаар хангах боломжтой станцуудын байршил, ашигладаг түлшний төрлийг судалж, хүлэмжийн хийн ялгарлыг тооцжээ.
Судалгаагаар эдгээр 403 дата төв АНУ-ын нийт цахилгаан хэрэглээний хоёр орчим хувийг бүрдүүлж, хэрэглэсэн цахилгааны талаас илүү хувийг чулуужсан түлшний эх үүсвэрээс авч байгааг судалжээ.
Өгөгдлийн төвийн байгаль орчинд үзүүлэх нөлөө байршлаас хамаарч байна
Өгөгдлийн төвүүдийн хүлэмжийн хийн ялгарал тухайн бүс нутгийн цахилгаан үйлдвэрлэлийн бүтцээс ихээхэн хамаардгийг судлаачид тогтоожээ.
АНУ-д хамгийн олон дата төвтэй Виржиниа болон Охайо мужид чулуужсан түлшээр ажилладаг цахилгаан станцууд түгээмэл байгаа бол Орегон зэрэг сэргээгдэх болон нүүрстөрөгчийн ялгарал багатай эрчим хүчний эх үүсвэр түлхүү ашигладаг мужид дата төвүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөө харьцангуй бага байх боломжтой гэж үзжээ.
Бостоны их сургуулийн дата төвийн судлаач Жан Ханкенди эрчим хүчний хэрэглээний мэдээлэл ил тод бус байгаа нь салбарын судалгаанд тулгардаг нийтлэг бэрхшээл болохыг онцолсон байна.
АНУ-д 578 дата төв нэмж барьж байна
Зах зээлийн судалгааны мэдээллээр 2025 онд АНУ-д 1,163 дата төв үйл ажиллагаа явуулж байсан бол 578 шинэ дата төвийг барьж байгаагаас гадна нэмэлт төслүүд төлөвлөлтийн шатанд байгаа аж.
Дата төвийн салбар хурдацтай өргөжиж байгаа тул судалгааны үр дүн өнөөгийн бодит хэрэглээнээс хоцорч эхэлснийг Жанлука Гуиди онцолжээ.
Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор Франческа Доминичигийн мэдээлснээр зарим компани төвлөрсөн цахилгаан сүлжээнд холбогдохгүйгээр эрчим хүчний эх үүсвэрээ ашиглан дата төв байгуулах болсон байна.
Гэвч эдгээр байгууламжид ашигладаг байгалийн хий, дизель түлшээр ажилладаг генераторууд уламжлалт цахилгаан станцтай харьцуулахад үр ашиг багатай, бохирдол ихтэй байх эрсдэлтэй аж.
Хиймэл оюуны дэд бүтцийн эрчимтэй өсөлт нь цахилгаан үйлдвэрлэх шинэ хүчин чадал, дамжуулах сүлжээ, усны нөөц болон сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын хэрэгцээг нэмэгдүүлж байна.
Иймд өгөгдлийн төвийн хөгжүүлэлтийг цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлтэй уялдуулах, хэрэглээний мэдээллийг ил тод болгох нь технологийн салбарын өсөлтөөс үүдэх байгаль орчны эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж судлаачид онцолжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





