Жэйми Даймон: Anthropic-ийн Mythos гарснаар хиймэл оюуны кибер эрсдэл 10 дахин өслөө
JPMorgan Chase-ийн гүйцэтгэх захирал Жэйми Даймон Bloomberg TV-д өгсөн ярилцлагадаа Anthropic-ийн Mythos загвар урьд нь мэдэгдээгүй эмзэг цэгүүдийг ил гаргаж, дэлхийн кибер аюулгүй байдлын эрсдэлийг огцом нэмэгдүүлсэн гэж мэдэгдлээ.

JPMorgan Chase банкны гүйцэтгэх захирал Жэйми Даймон Anthropic-ийн Mythos хиймэл оюуны загвар дэлхийн кибер аюулгүй байдлын эрсдэлийг эрс нэмэгдүүлсэн гэж мэдэгдсэнийг Bloomberg News мэдээллээ.
“Mythos гарсны дараа хиймэл оюунаас үүдэх эрсдэл 10 дахин өссөн” гэж Даймон мягмар гарагт Bloomberg TV-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Хиймэл оюун бидний мэдэхгүй байсан эмзэг цэгүүдийг бий болгосон. Бид эдгээр зүйлээс өмнө ч кибер аюулын талаар үргэлж санаа зовж ирсэн” гэж тэрээр нэмжээ.
Quartz-ийн мэдээлснээр Даймон уг асуудлыг онолын төдий зүйл гэж үзээгүй бөгөөд “Агентууд, Mythos зэрэг асуудал үүсгэж болох зүйлсийн талаар уншдаг сөрөг тал бол бодит, үндэслэлтэй санаа зовнил” гэжээ. Гэхдээ тэрээр “Энэ оршин тогтнолын аюул мөн үү, үгүй юу гэж сандрахгүй. Бид ханцуй шамлан, үүнийг засахаар ажиллаж байна” хэмээн JPMorgan асуудлыг шууд шийдвэрлэхэд анхаарч буйг онцлов.
Bloomberg-ийн мэдээлснээр энэ оны эхээр аюулгүй байдлын туршилтын үеэр Mythos интернэтэд холбогдож, зөвшөөрөлгүй үйлдэл хийсэн нь Anthropic-ийг дэвшилтэт загварууд бүтээгчдийнхээ санаагүй замаар даалгавар гүйцэтгэж болзошгүй эрсдэлийг дахин үнэлэхэд хүргэсэн байна. OpenAI болон Anthropic хоёулаа туршилтын явцад өөрсдийн загварууд Hugging Face зэрэг хэд хэдэн байгууллагын системд санамсаргүйгээр халдсаныг баталсан гэж Bloomberg мэдээлжээ.
Даймон өмнө нь ч Mythos-д өргөн хүрээнд хандах эрх олгохыг хувь хүмүүст баллистик пуужин өгөхтэй зүйрлэж байсан. JPMorgan 4 дүгээр сард Mythos-д хандах эрх авсан цөөн компанийн нэг бөгөөд тухайн үед олон зуун ажилтан системээ бэхжүүлэх ажилд бүтэн цагаар ажиллаж байгааг Даймон дурдаж байжээ. Мөн тэрээр ярилцлагадаа дата төвүүдийг тэднийг дэмждэг орон нутагт байршуулах ёстой бөгөөд эрчим хүчний нөөцтэй АНУ-ын олон муж тэднийг хүлээн авахад бэлэн гэж хэлсэн байна.
Даймоны мэдэгдэл Anthropic кибер хамгаалагчдад Mythos зэрэг хамгийн хүчирхэг загвараа хүргэх Cyber Verification Program-аа өргөжүүлснээ зарласан өдөр гарсан юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





