“Moonshot” санхүүгийн байгууллагуудад зориулсан “Kimi” хиймэл оюуны шийдлээ танилцууллаа
“Kimi” нь ОУВС, Дэлхийн банк болон FRED зэрэг санхүү, эдийн засгийн мэдээллийн эх сурвалжтай шууд холбогдох боломжтой. Санхүүгийн салбарт хиймэл оюуны хэрэглээ тэлэхийн хэрээр өгөгдлийн зөвшөөрөл, найдвартай ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал бүтээгдэхүүний бодит хэрэглээг тодорхойлох гол шалгуур болж байна. Санхүүгийн бодит урсгалыг ойлгож, найдвартай ажиллагаа болон өгөгдлийн аюулгүй байдлыг хангаж чаддаг хиймэл оюуны компаниуд илүү хүчтэй байр суурь эзлэх боломж бүрджээ.

Бээжинд төвтэй хиймэл оюуны “Moonshot” компани пүрэв гарагт санхүүгийн байгууллагуудад зориулсан “Kimi” шийдлээ танилцуулж, хиймэл оюуны загвараа мэргэжлийн ажлын урсгалд ашиглах чиглэлээ өргөжүүллээ.
Компанийн мэдээлснээр хөрөнгө оруулалтын банк, сан болон венчур хөрөнгө оруулалтын компаниуд “Kimi”-ийн загваруудыг дотоод хиймэл оюуны хэрэгслүүддээ ашиглаж эхэлжээ. Нэр дурдсан хэрэглэгчдийн дунд Хятадын хөрөнгө оруулалтын банк CICC болон “Sequoia China”-гийн шинэ брэнд болох венчур хөрөнгө оруулалтын “HongShan” багтаж байна.
Санхүүгийн мэдээллийг нэг дороос ашиглана
“Kimi”-гийн санхүүгийн хувилбар нь судалгаа, шинжилгээ, тайлан боловсруулахад өргөн хэрэглэдэг мэдээллийн сангуудтай шууд холбогдох боломжтойг “Moonshot” онцлов.
Мөн эх сурвалжуудад S&P Global Market Intelligence, стартапын мэдээллийн "Crunchbase", Хятадын санхүүгийн мэдээллийн "Wind" болон бизнесийн мэдээллийн "Tianyancha" зэрэг платформ багтжээ.
Мөн “Kimi” нь АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны EDGAR систем, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, АНУ-ын Холбооны нөөцийн банкны FRED эдийн засгийн мэдээллийн сантай холбогдох боломжтой.
Ингэснээр санхүүгийн мэргэжилтнүүд хэд хэдэн эх сурвалжаас мэдээлэл тус тусад нь хайхын оронд нэг орчноос өгөгдөл татаж, харьцуулах боломж бүрдэхээр байна.
“Kimi”-гийн хувьд тусдаа интерфэйс суулгах шаардлагагүй гэж компани тайлбарласан ч ашиглах боломжтой мэдээллийн хүрээ нь захиалгын түвшнээс хамаарч ялгаатай байжээ. “Kimi”-ийн захиалгын төлбөр сард 49-өөс 699 юанийн хооронд байна.
Санхүүгийн салбарт хиймэл оюуны шаардлага өндөрсөж байна
“Moonshot” долоодугаар сард танилцуулсан “Kimi K3” загвараа АНУ-ын тэргүүлэх хиймэл оюуны загваруудтай өрсөлдөх чадвартай гэж тодорхойлсон. Гэхдээ санхүүгийн байгууллагуудын хувьд зөвхөн загварын хүчин чадлаас гадна мэргэжлийн өгөгдөлтэй ажиллах боломж, аюулгүй байдал болон байгууллагын дотоод шаардлагыг хангах чадвар чухал болж байна.
Германы “Deutsche Bank”-ийн Бээжин дэх салбарын менежер Самуэл Фишер “жинхэнэ эргэлтийн цэг нь илүү хүчирхэг хиймэл оюуны чадварыг мэргэжлийн мэдлэгтэй хослуулах явдал” гэжээ.
Түүний хэлснээр санхүүгийн бодит ажлын урсгалыг ойлгож, найдвартай ажиллагаа болон өгөгдлийн аюулгүй байдлыг хангаж чаддаг хиймэл оюуны компаниуд илүү хүчтэй байр суурь эзлэх боломжтой.
Фишер хиймэл оюун санхүүгийн мэдээллийг эмхлэх, харьцуулах, зөрүү илрүүлэх болон анхан шатны шинжилгээг дэмжих түвшинд хэдийн хүрснийг онцолсон байна.
Гэхдээ “Deutsche Bank”-ны хувьд “Kimi”-гийн хэрэглэгч эсэх нь тодорхойгүй бөгөөд банк тайлбар хүсэлтэд шууд хариу өгөөгүй гэж мэдээлжээ.
“Moonshot”-ыг Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийхээр нууцаар материалаа өгсөн гэх мэдээлэл бас гарсан ч компани “зах зээлийн цуурхал, таамаглалд тайлбар өгдөггүй” хэмээн байр суурь илэрхийлсэн байна.
Холбоотой мэдээ

Женсен Хуан: “Nvidia” ирэх онд хоёр дахин олон чип борлуулна
“Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан ирэх онд чипийн борлуулалтын хэмжээ энэ жилийнхээс хоёр дахин өснө гэж тооцож буйгаа мэдэгдлээ. Тэрбээр өсөлтийн гол хөдөлгөгч нь улс орнуудын хиймэл оюуны дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж буй явдал гэж тайлбарлав. Эрэлт ийнхүү тэлбэл “Nvidia”-ийн дата төвийн GPU болон сүлжээний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт цаашид ч хурдтай өсөх шаардлага үүснэ.

АНУ-д чипийн үйлдвэрлэл эрчимжиж байгаа ч ажиллах хүчний дутагдалд оржээ
“McKinsey” болон хагас дамжуулагчийн салбарын “SEMI Foundation”-ий тооцоогоор 2030 он гэхэд АНУ-д 157 мянга хүртэлх мэргэжилтэн дутагдаж болзошгүй. Ажиллах хүчний хомсдол үргэлжилбэл цалингийн зардал өсч, шинэ үйлдвэрүүдийн ашиглалтад орох хугацаа хойшилно. Энэ нь хиймэл оюунд шаардлагатай чипийн нийлүүлэлтэд нөлөөлөх эрсдэлтэйг салбарынхан анхаарууллаа.

"Anthropic" хиймэл оюуны хөгжлийг хэмжих гурван шинэ үзүүлэлтээ нийтэд нээлттэй болголоо
Компанийн дотоод платформ дээр нэгэн зэрэг ойролцоогоор 30 мянган хиймэл оюуны агент ажиллаж байжээ. Тэд хиймэл оюунд суурилсан судалгаа, хөгжүүлэлтийн тооцооллын нөөцийн 6 хувийг аюулгүй байдлын ажилд зарцуулсан байна. “Anthropic” эдгээр хэмжүүрийг тогтмол нийтэлснээр хиймэл оюуны хөгжүүлэлтийн бодит явц, хяналт, аюулгүй байдлын хөрөнгө оруулалтыг гуравдагч талууд илүү бодитой үнэлэх боломжтой гэж үзэж байна.

"Amazon" "Generac"-ийн хувьцаа авах эрхтэй болж, эрчим хүчний түншлэлээ өргөжүүлжээ
“Amazon” компани эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Generac”-аас дата төвүүддээ нөөц цахилгаан үүсгүүр нийлүүлэх гэрээ байгуулж, 1.69 сая хүртэлх хувьцааг авах эрх авчээ. Варрантын хэрэгжүүлэх үнэ нэгж хувьцаанд 200.93 ам.доллар бөгөөд эрхийн ихэнх хэсэг нь үүсгүүрийн нийлүүлэлт, төлбөртэй уялдан үе шаттай хэрэгжинэ. Хэлцлийн мэдээллийн дараа “Generac”-ийн хувьцааны ханш нэмэлт арилжаагаар 40 гаруй хувиар өслөө.

Өдөр бүр нэг шинэ монгол үг: “MoniChat”-ийн монгол "Wordle"-ийг тоглож үзэх үү?
Монголчууд өдөр тутмын амьдралдаа нийт үгийн сангийнхаа ердөө 1-3 орчим хувийг л ашигладаг гэсэн албан бус тооцоо байдаг. Тэгвэл “MoniChat” аппликейшнд буй монгол "Wordle" тоглоомоор эх хэлнийхээ үгсийн санг хөгжилтэй аргаар тэлээрэй. Өнөөдөр үгийн сандаа нэмэх үг-АМИРХ буюу аминчлан дотносох, хувиа бодож харамлах гэсэн утгатай бөгөөд мэдэхгүй монгол үгс хэр олон байгаа бол?

Энэтхэг UPI дээр худалдаачдад шимтгэл тогтоосноор дижитал төлбөрийн дүрэм, өрсөлдөөн дахин тодров
Энэтхэг UPI-ээр төлбөр хүлээн авдаг худалдаачдад шимтгэл тогтоохоор болж, маргаан хурцдав. Энэтхэгийн Үндэсний төлбөрийн корпораци ирэх сараас 2,000 рупиас дээш төлбөрт 0.4% шимтгэл, 75,000 рупиас дээш үед 300 рупийн дээд хязгаар тогтоов. Шинэ журам PhonePe, Google Pay зэрэг платформын орлогыг дэмжиж, картын сүлжээний давуу талыг улам хумина.