Нийслэлд автомашин ачих байршлыг 52 хувиар цөөлөхөөр төлөвлөжээ
Автомашин зөөж, шилжүүлэх журмыг шинэчлэн, гол гудамж, замын хөдөлгөөнд бодитоор саад учруулсан автомашиныг ачихаар тусгажээ.

Нийслэлд автомашин зөөж, шилжүүлэх журмыг шинэчлэн боловсруулж, автомашин ачих байршлын тоог 73-аас 35 болгон цөөлж 52 хувиар бууруулахаар төлөвлөж байна.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг журмын төсөл болон автомашин зөөж, шилжүүлэх үйлчилгээтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.
Шинэ журмын төслөөр зөвхөн гол гудамж, замд байршуулж, хөдөлгөөнд бодитоор саад учруулсан автомашиныг ачихаар тусгасан байна. Харин хотхон, хороолол доторх зөрчлийг “102” аппликейшнаар бүртгэж, шийдвэрлэх аж.
Автомашин ачихаас өмнө жолоочид мэдэгдэнэ
Журмын төсөлд жолоочид урьдчилан анхааруулж, автомашинаа авах боломж олгох, ачих явцад тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үйлчилгээ эрхлэгч байгууллага хариуцах зохицуулалтыг тусгасан байна.
Мөн ачих үйлчилгээний төлбөрийг байгууллагын дансаар авах, автомашин түр саатуулах хашаанд тавих хяналтыг сайжруулах аж.
Одоогоор нийслэлийн хэмжээнд автомашин зөөж, шилжүүлэх үйлчилгээ эрхэлдэг 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





