Экспортыг нь хориглосон Nvidia Blackwell серверүүд Алис Хуантай холбоотой Шанхайн дата төвөөс илэрлээ
Bloomberg-ийн мэдээлснээр Шанхайн хоёр компани Nvidia-ийн GB300 NVL72, GB200 серверийг Алис Хуантай холбоотой дата төвд суурилуулж, Хятадын банк, төрийн өмчит лизингийн компаниас зээл авахдаа барьцаанд тавьжээ.

АНУ-ын лицензгүйгээр Хятад руу экспортлохыг хориглосон Nvidia-ийн хамгийн хүчирхэг Blackwell үеийн серверүүд Шанхай дахь томоохон дата төвд суурилуулагдсан нь Хятадын зохицуулагч байгууллагад өгсөн баримт бичгээр тогтоогдсоныг Bloomberg 11-р сарын 27-нд мэдээллээ. Тус дата төв нь Nvidia-тай холбоотой чипийн хууль бус нийлүүлэлтийн маргааны төвд яригдаж буй сингапурын бизнесмэн эмэгтэй Алис Хуантай холбоотой юм.
Зээлийн барьцаанд тавьсан GB300 шүүгээ
Investing.com-ийн нэгтгэн мэдээлснээр Shanghai Shuoyao компани Nvidia-ийн хамгийн хүчирхэг бүтээгдэхүүний нэг болох GB300 NVL72 серверийн шүүгээг барьцаалан Shanghai Innovation Bank-аас 96 сая юанийн (14 сая доллар) зээл авчээ. Нөгөө компани Shanghai Kezhan мөн байршилд байгаа GB200 серверийг Шанхайн орон нутгийн төрийн байгууллагын бүрэн эзэмшлийн санхүүгийн лизингийн компаниас авсан 90 сая юанийн зээлтэй холбоотой баримтдаа дурджээ. Хоёр компани хоёулаа тоног төхөөрөмжөө Yangtze River Delta Project нэртэй Шанхайн асар том дата төвд байршуулсан байна.
Bloomberg баримт бичигт буй серийн дугаарыг нийтэд нээлттэй баталгаат хугацааны мэдээллийн санд оруулж, GB300 шүүгээг Тайванийн Gigabyte компани угсарсныг тогтоожээ. Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан өмнө нь 1,500 гаруй кг жинтэй, хоёр метр орчим өндөр ийм шүүгээг хууль бусаар нэвтрүүлэхэд хэт том гэж хэлж байсан.
Megaspeed-тэй холбоо
Shanghai Shuoyao энэ сард Megaspeed-д үйлчилгээ үзүүлдэг гэдгээ хүлээн зөвшөөрч, харилцаагаа “энгийн арилжааны хамтын ажиллагаа” гэж тодорхойлсон. Алис Хуаны 2023 онд үүсгэн байгуулсан Megaspeed-ийг Трампын засаг захиргаа чип зориулалтын бусаар шилжүүлэх эрсдэл өндөр гэж үзэн энэ сард худалдааны хар жагсаалтад оруулсан бөгөөд компани буруугүй гэж мэдэгдсээр байна. Shanghai Kezhan-ий 83.3 хувийг Токиод төвтэй NeXPower Japan эзэмшдэг бөгөөд Caixin сэтгүүлийн мэдээлснээр уг компанийг Алис Хуан хянадаг аж.
Худалдааны бүртгэлээс үзэхэд Shanghai Kezhan 2025 оны 5-р сард Малайзаас Шанхайн Пудун нисэх буудал руу агаараар 11 сая долларын ачаа хүлээн авчээ. Гаалийн бичигт “хадгалах төхөөрөмжийн их бие” гэж бичсэн ч барааны код нь тооцоолох сервер, нэгжийн үнэ нь 264,108 доллар буюу Nvidia Hopper чиптэй серверийн үнийн хүрээнд таарч байгаа юм. Shanghai Innovation Bank мөн ижил толгой компанитай Shanghai Longjie-д Super Micro, Dell-ийн үйлдвэрлэсэн, экспортын хяналттай Hopper чиптэй серверийг барьцаалан 200 сая юанийн зээл олгосон бөгөөд эдгээр нийлүүлэлт АНУ-ын зөвшөөрөлтэй байсан эсэх нь тодорхойгүй байна.
Reuters-ийн өмнөх илрүүлэлт
Reuters 11-р сарын 25-нд Хятадын төв банкны зээлийн бүртгэлд үндэслэн Алис Хуаны гэр бүл, хамтрагчидтай холбоотой компаниуд 270 сая долларын үнэтэй 764 хүртэлх AI сервер, модуль болон 31 сая долларын сүлжээний тоног төхөөрөмжийг барьцаалан санхүүжилт босгосон, ихэнх нь мөн л Шанхайн энэ төвд байршдаг гэж мэдээлсэн. Гэхдээ эдгээр бүртгэл серверүүдэд экспортыг нь хориглосон чип байсан эсэх, Хятад руу хэзээ, хэрхэн орсныг нотлоогүй гэж Reuters тэмдэглэжээ. Megaspeed, Nvidia болон холбогдох зээлдүүлэгчид тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Эх сурвалж: Bloomberg / Investing.com, Reuters
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





