Ким Жон Ун цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж, тактикийн цөмийн зэвсгийн хэрэглээг өргөжүүлэхийг үүрэг болголоо.

БНАСАУ-ы удирдагч Ким Жон Ун тус улсын цөмийн зэвсгийн үйлдвэрлэл, судалгааны байгууламжуудад ажиллах үеэрээ цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж, тактикийн цөмийн зэвсгээ олон төрлийн ажиллагаанд ашиглах бэлэн байдлыг хангахыг үүрэг болголоо.
Тэрбээр АНУ болон түүний холбоотнуудын цэргийн хамтын ажиллагаа өргөжиж буйг үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд заналхийлж байна хэмээн тодорхойлж, БНСУ-ыг онцлон нэрлэжээ.
Ким Жон Ун мөн цөмийн зэвсгийн бодлого нь улсын бүрэн эрхт байдлыг хамгаалах үндсэн хэрэгсэл бөгөөд Үндсэн хуульд тусгагдсан цөмийн зэвсэгтэй улсын статус хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж мэдэгдсэн байна.
Олон улсын атомын энергийн агентлаг 2009 оноос хойш БНАСАУ-д газар дээрх хяналт шалгалт хийх боломжгүй болсон тул тус улсын цөмийн үйл ажиллагааг хиймэл дагуулын зураг болон нээлттэй эх сурвалжаар хянаж байгаа юм.
Үүний зэрэгцээ БНСУ цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцтой болохоор ажиллаж буйг Ким Жон Ун шүүмжилжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны аравдугаар сард уг төлөвлөгөөг дэмжсэн юм.
Дональд Трамп, Ким Жон Ун нарын 2019 оны хэлэлцээ үр дүнд хүрээгүйгээс хойш Пёньян цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ эрчимжүүлж, Вашингтон болон Сөүлийн яриа хэлэлцээг сэргээх оролдлогыг хүлээн аваагүй хэвээр байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





