“Louis Vuitton” тансаг зэрэглэлийн загварын ертөнц дэх ноёрхлоо “Hermès” брэндэд алдлаа
Хятадын зах зээлийн эрэлт саарч, “LVMH”-ийн загвар, арьсан эдлэлийн орлого дөрвөн хувиар агшсанаар “Louis Vuitton”-ийн борлуулалт гурван дахь жилдээ дараалан буурах төлөвтэй байна.

Олон арван жилийн турш тансаг зэрэглэлийн загварын ертөнцөд хэмжээлшгүй ноёрхлоо тогтоож ирсэн Францын алдарт “Louis Vuitton” брэндийн хувьд сүүлийн жилүүд хүндхэн сорилтын үе болж байна. 2018 онд зах зээлийн нийт үнэлгээ нь 10 тэрбум еврогоор хэмжигдэж байсан тус брэндийн жилийн борлуулалт ердөө дөрөвхөн жилийн дотор хоёр дахин тэлж, 2022 онд 20 тэрбум еврогийн босгыг давсан түүхтэй. Гэвч энэхүү гялалзсан өсөлтийн эрч саарч, компанийн борлуулалт 2024 болон 2025 онд дараалан буурсан үзүүлэлттэй гарсан бол 2026 онд ч агшилт үргэлжлэх төлөвтэй байгааг “The Business of Fashion” онцоллоо.
Өрсөлдөөний талбар дахь шинэ хандлага Тансаг зэрэглэлийн зах зээл дэх хэрэглэгчдийн сэтгэл зүй хувьсан өөрчлөгдөж, салбарын тэргүүлэгчдийн байр суурь ганхаж эхлээд буй. “Interbrand”-ийн 2026 оны судалгаагаар “Louis Vuitton”-ийн брэндийн үнэлгээ 6.9 хувиар буурч, 45.1 тэрбум ам.доллар болсон байна. Үүний зэрэгцээ өрсөлдөгч “Hermès”-ийн үнэлгээ 10.6 хувиар цойлж, түүхэндээ анх удаа “Louis Vuitton”-ийг гүйцэж түрүүлсэн нь зах зээлд томоохон дохио болов. Салбарын шинжээчдийн дүгнэж буйгаар “Hermès” үйлдвэрлэлийн хязгаарлагдмал тоо хэмжээ, гар урлалын төгс гүйцэтгэл, олдоц ховор нандин чанарт төвлөрч чадсан нь амжилтынх нь гол түлхүүр болжээ. Нөгөө талд “Chanel” брэнд бүтээлч шинэчлэл, уран сэтгэмжээрээ хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна. Энэ бүхэн нь зөвхөн дэлхий даяар хамгийн өргөн танигдсан нэр хүндтэй байх нь тансаг хэрэглээний зах зээлд урт хугацааны өсөлтийг дангаараа баталгаажуулж чадахгүй болсныг тодхон харуулж буй хэрэг юм.
“Louis Vuitton”-ийн Хятад дахь бизнес суларч байна Өмнө нь “Louis Vuitton”-ийн бизнесийн өсөлтийн гол хөдөлгүүр болж байсан Хятадын хэрэглэгчдийн худалдан авах чадвар, эрэлт суларсан нь брэнд салбарын ноёрхлоо алдахад голлон нөлөөлөв. Тус брэндийн толгой “LVMH” группийн загвар, арьсан эдлэлийн салбарын орлого 2026 оны эхний есөн сарын байдлаар 26.4 тэрбум евро болж, өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар буурчээ. Ялангуяа гуравдугаар улиралд тус салбарын цэвэр борлуулалт таван хувиар агшсан нь шинжээчдийн 1.8 хувиар буурах таамгаас даруй хоёр дахин өндөр үзүүлэлт болж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа.
Ашигт ажиллагааны дархлаа Хэдийгээр борлуулалт хумигдаж байгаа ч “Louis Vuitton”-ийн бизнесийн загвар санхүүгийн хувьд өндөр “дархлаатай” хэвээр байна. Хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банкны тооцоолсноор тус брэндийн үйл ажиллагааны ашгийн маржин 48 хувьд хүрч, салбартаа тэргүүлэх байр сууриа хадгалж буй. Тус брэнд зах зээлийн нөхцөл байдал хүндэрсэн ч үнийн хямдрал огт зарлахгүйгээр, зөвхөн өөрийн нэрийн дэлгүүрүүдээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулах хатуу бодлогоо тууштай баримталж байгаа аж. “LVMH”-ийн Санхүү хариуцсан захирал Сесиль Кабанис борлуулалтыг эргэн сэргээхэд тодорхой цаг хугацаа шаардлагатайг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ богино хугацааны ашиг хөөж үнээ бууруулахаас илүүтэй брэндийн үнэ цэнийг хамгаалах урт хугацааны стратегид төвлөрч буйгаа онцолсон юм. Ийнхүү “Louis Vuitton” зөвхөн борлуулалтын тоогоо өсгөх бус, дэлхий даяар түгсэн нэр хүндээ алдахгүйгээр дахин давтагдашгүй, ховор хүсэмжит чанараа хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэг стратегийн чухал сорилтой тулгараад байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





