Бээжин–Улаанбаатар–Эрхүү чиглэлийн галт тэрэгний аялал өнөөдрөөс эхэллээ
Цар тахлын улмаас зогсоод байсан Бээжин–Улаанбаатар–Москва чиглэлийн зорчигчийн галт тэрэгний аяллыг Эрхүү хүртэл шинэ маршрутаар сэргээжээ.

Бээжин–Улаанбаатар–Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 25-наас аяллаа эхэлж байна. "Ковид-19" цар тахлын улмаас зогсоод байсан Бээжин–Улаанбаатар–Москва чиглэлийн галт тэрэгний аяллыг сэргээж ийн байгаа ч эцсийн зогсоолыг Москва бус Эрхүү хот байхаар өөрчилжээ.
Олон улсын зорчигчийн 3/4 дүгээр галт тэрэг арваннэгдүгээр сарын 25-нд Бээжингээс хөдөлж, 26-ны 14:35 цагт Улаанбаатарт ирэх бөгөөд 15:22 цагт Эрхүү хотыг зорих хуваарь гарсан байна.
Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Зорчигч тээврийн комиссын зөвлөгөөн болж, 2026–2027 оны олон улсын зорчигчийн галт тэрэгний хуваарь, бүрэлдэхүүнийг хэлэлцэн, энэ чиглэлд аяллыг эхлүүлэхээр тохиролцсон байна.
Олон улсын төмөр замын зорчигч тээврийн энэхүү чиглэл сэргэснээр Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд зорчих тээврийн сонголт нэмэгдэж, хил дамнасан аялал жуулчлалыг дэмжих боломж бүрдэв.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





