АНУ-ын шүүх “Huawei” компанийг банкны залилан, хориг зөрчсөн болон оюуны өмчийн хулгайн хэрэгт гэм буруутайд тооцлоо
Гурван сар үргэлжилсэн шүүх хурлын эцэст АНУ-ын холбооны тангарагтны шүүх “Huawei” болон түүний гурван охин компанийг банк, цахим залилан, мөнгө угаах хуйвалдаан, олон улсын хориг зөрчсөн зэрэг олон…

АНУ-ын Нью-Йорк хотын холбооны тангарагтны шүүх мягмар гарагт Хятадын харилцаа холбоо, технологийн тэргүүлэгч “Huawei” компани болон түүний гурван охин компанийг холбооны эрүүгийн хэд хэдэн хүнд зүйл ангиар гэм буруутай хэмээн дүгнэлээ.
АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр, бүтэн гурван сарын турш үргэлжилсэн шүүх хурлын эцэст тус компанийг банк болон цахим залилан үйлдсэн, мөнгө угаахаар хуйвалдсан, АНУ-ын хориг арга хэмжээг зөрчсөн, мөн худалдааны нууц хулгайлахаар үгсэн тохиролцсон гэх үндэслэлээр буруутгасан байна.
Энэхүү шийдвэр нь Америкийн эрх баригчдын 2019 оны нэгдүгээр сард олон нийтэд анх ил болгож, олон жил дамнасан геополитик болон технологийн томоохон сөргөлдөөний зангилаа болсон эрүүгийн хэргийг шийдвэрлэх үйл явцад гарсан шийдвэрлэх эргэлт болов.
“Huawei” Иран дахь үйл ажиллагааныхаа бодит цар хүрээг нуусан гэв АНУ-ын Хууль зүйн яамны шүүхэд танилцуулсан нотлох баримтуудаас харахад “Huawei” нь Иран дахь үйл ажиллагааныхаа бодит цар хүрээг олон улсын банкуудаас нуун дарагдуулж, худал мэдээлэл өгөх замаар олон тэрбум ам.долларын санхүүжилт татжээ.
Ингэснээр тус компани ам.долларын төлбөр тооцооны сүлжээнд нэвтрэх эрхээ хууль бусаар хадгалж үлдсэн байна. Түүгээр ч зогсохгүй Ираны эрх баригчдад иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг хянах, мөшгөх боломж олгосон өндөр хүчин чадалтай хяналтын камеруудыг нийлүүлсэн болохыг тус яам онцлов.
Прокурорууд оюуны өмчийн хулгайн бодит жишээ болгон Америкийн сүлжээний тоног төхөөрөмжийн “Cisco” болон харилцаа холбооны “T-Mobile” компаниудын эсрэг үйлдсэн хууль бус ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тухайлбал, “Huawei”-ийн инженерүүд “Cisco” компанийн чиглүүлэгч төхөөрөмжид ашигладаг үндсэн эх кодыг хууль бусаар хуулбарласан төдийгүй ул мөрөө баллахын тулд тус компанийн нэрийг хойноос нь урагш “ocsic” хэмээн тонгоруулан бичиж тэмдэглэж байжээ.
Үүний зэрэгцээ тус компанийн ажилтнууд “T-Mobile”-ийн ухаалаг утасны мэдрэгчтэй дэлгэц шалгагч роботын нууц гэрэл зураг, техникийн үзүүлэлтийг Хятад руу илгээж байсан нь тогтоогдож, улмаар нэг ажилтан нь тус компанийн лабораториос уг роботын нарийн эд ангийг үүргэвчиндээ нууж авч гарсан байна.
АНУ-ын Ерөнхий прокурор Тодд Бланш шүүхийн шийдвэрийн дараа хийсэн мэдэгдэлдээ “Ямар ч хувь хүн, аль ч компани хуулиас давсан эрх эдлэх ёсгүй” хэмээн хатуу байр суурь илэрхийлж, “Huawei”-г Америкийн зах зээлд хууран мэхлэлт, хулгайн замаар бизнес эрхэлсэн хэмээн буруутгав. Мөн Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтсийн туслах ерөнхий прокурор Тайсен А.Дува тус компанийг хорь гаруй жилийн турш залилан, хулгай, хууран мэхлэлтийн суурин дээр дэлхийн хэмжээний эзэнт гүрнээ босгосон хэмээн тодорхойлсон юм.
“Huawei” шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцэж байна “Huawei” компани лхагва гарагт гаргасан албан ёсны мэдэгдэлдээ тангарагтны шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцсэн ч хамгийн хүнд зүйл ангиудын нэг болох зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байгуулах хуйвалдааны хэргээр цагаатгагдсаныг сайшаан хүлээн авч буйгаа илэрхийллээ.
Тус компани “Засгийн газрын зүгээс тулгаж буй бусад буруутгал ч мөн адил хууль зүйн болон баримтын ямар ч үндэслэлгүй гэж бид үзэж байна” хэмээн мэдэгдээд, прокуроруудын сөхөн тавьсан худалдааны нууцтай холбоотой таван маргааныг өмнө нь иргэний хэргийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн болохыг онцолсон байна. Цаашид шүүхийн шийдвэрийг нарийвчлан судалж, хууль ёсны эрх ашгаа хамгаалах бүх шатны арга хэмжээг авахын зэрэгцээ бизнесийн тасралтгүй үйл ажиллагаа, судалгаа хөгжүүлэлтийн томоохон хөрөнгө оруулалтдаа төвлөрөн ажиллана гэдгээ мэдэгдэв. Шүүхийн энэхүү дүгнэлтийн дагуу “Huawei” болон түүний охин компаниуд олон тэрбум ам.доллароор хэмжигдэх торгууль, хууль бусаар олсон хөрөнгийг хураах, хохирол барагдуулах зэрэг санхүүгийн томоохон шийтгэл хүлээх эрсдэлтэй нүүр тулж байна. Шүүхээс тус компанид ял оноох хурлыг 2027 оны есдүгээр сарын 14-ний өдөр хийхээр товлоод байгаа юм.
Энэхүү дуулиант хэргийн эхлэл анх 2018 оны арванхоёрдугаар сард тус компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньжоуг Канадын Ванкувер хотноо АНУ-ын хүсэлтээр баривчилснаар тавигдаж, түүнээс нэг сарын дараа Америкийн прокурорууд “Huawei”-ийн эсрэг эрүүгийн хэргийг олон нийтэд албан ёсоор зарлаж байв. Мэн Ваньжоу 2021 оны есдүгээр сард АНУ-ын прокуроруудтай хэргийг хойшлуулах тохиролцоонд хүрсний дараа эх орондоо буцсан ч компанийн эсрэг шүүхийн үйл явц ийнхүү үргэлжилсээр өнөөдрийн шийдвэрт хүрлээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





