Нөмрөгийн түймрийн хохирлыг урьдчилсан байдлаар ₮3.3 их наядаар үнэлжээ
Байгаль орчны урьдчилсан мониторинг, судалгаа шинжилгээний ажилд ₮83.9 тэрбум шаардлагатай гэж тооцсон байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ болон ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг сонгон шалгаруулах ажиллагааны дүнг танилцууллаа. Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн хохирлыг урьдчилсан байдлаар 3.3 их наяд төгрөгөөр тогтоосныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэв.
Хохирлын хэмжээг тогтоох үүрэг бүхий ажлын хэсэг хуульд заасан хугацаанд үнэлгээг хийж, холбогдох баримт бичгийг цагдаагийн болон хуулийн байгууллагад хүргүүлжээ.
Түймрийг унтраах ажиллагаанд гарсан 346.6 сая төгрөгийн шууд бус зардлыг багтаасныг мөн онцлов. Цаашид Шүүх шинжилгээний байгууллагаас мэргэжлийн шинжээч томилж, хохирлын үнэлгээнд дүн шинжилгээ хийх юм.
Хэргийн эзэн холбогдогчийг хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоосны дараа байгаль орчинд учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх аж.
Шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн дархан цаазат газрын зарим хэсэгт нөхөн сэргээлт хийх боломжтой ч түймэр өргөн уудам нутаг дэвсгэр, эмзэг экосистемийг хамарсан тул төрийн нэгдсэн бодлого, урт хугацааны мониторинг шаардлагатайг онцолжээ.
Урьдчилсан мониторинг, судалгаа шинжилгээний ажилд 83.9 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцсон байна.
Гангийн цогцолбор байгуулах төсөлд БНХАУ-ын “Jianlong Heavy Industry” шалгарчээ
Дархан, Сэлэнгийн бүсэд ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг сонгон шалгаруулах ажиллагааны дүнг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хүрээнд 60 гаруй аж ахуйн нэгжид урилга хүргүүлж, эцсийн шатанд хоёр компани үлдсэнээс БНХАУ-ын “Beijing Jianlong Heavy Industry” компани шалгарчээ.
Ган үйлдвэрлэлийн цогцолборыг Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт байгуулах бөгөөд Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулж, шалгарсан компанитай хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар хэлэлцэх аж.
Хэлэлцээрийн үр дүнг шаардлагатай тохиолдолд УИХ-д танилцуулж, баталгаажуулсны дараа 2027 оны хавар барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Ган үйлдвэрлэлийн цогцолбор нь хүдэр баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цементийн үйлдвэр бүхий нэгдсэн бүтээн байгуулалт бөгөөд төслийг 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дөрвөн жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулах аж.
Төмрийн хүдрийг шууд ангижруулах технологийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлэхээр төлөвлөснийг салбарын сайд онцоллоо. Гангийн цогцолбор ашиглалтад орсноор дотоодын гангийн хэрэгцээг хангаж, арматурын үнийг хамгийн багадаа 20 хувиар бууруулах боломжтой аж. Мөн тэрбээр энэ бүхний үр дүнд барилгын материалын өртгийг бууруулах замаар орон сууцны үнэд эерэг нөлөө үзүүлэх боломж хэмээн онцлов. Дотоодын үйлдвэрлэлээр импортыг орлох, ган бүтээгдэхүүн экспортлох замаар Монгол Улсын төлбөрийн тэнцлийг 350–400 сая ам.доллароор сайжруулах боломжтой гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





