Дональд Трамп Талархлын баяраар зооглох гэж байсан хоёр цацагт хяруулд өршөөл үзүүллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны уламжлалт ёслолын үеэр дөрвөн сартай “Freedom”, “Feathers” нэртэй хоёр цацагт хяруулд өршөөл үзүүлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Цагаан ордонд болсон уламжлалт ёслолын үеэр хоёр цацагт хяруулд өршөөл үзүүлж, Талархлын баярын зоог болохоос аварлаа.
Баруун Виржиниа мужийн “Deans Gap Farm” аж ахуйд өсгөсөн дөрвөн сартай хоёр шувуу ёслолын өмнөх шөнийг Вашингтон хотын тансаг зэрэглэлийн “Willard InterContinental” зочид буудалд өнгөрүүлжээ.
Цахим санал хураалтаар “Freedom” нэртэй цацагт хяруулыг албан ёсны өршөөл хүртэхээр сонгосон ч хоёр шувуу хоёулаа үлдсэн амьдралаа Техасын A&M их сургуульд өнгөрүүлэхээр болжээ.
Цагаан ордонд Талархлын баяраар цацагт хяруул бэлэглэх уламжлал зуу гаруй жилийн түүхтэй. Харин 1989 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Жорж Х.У. Буш цацагт хяруулд албан ёсоор өршөөл үзүүлснээр жил бүр зохион байгуулдаг ёслолын эхлэлийг тавьсан юм.
Талархлын баярын зоогийн өртөг нэмэгджээ
Цагаан ордонд хоёр цацагт хяруул амьд үлдэх эрхтэй болсон бол америкчууд энэ жилийн баярын зоогтоо илүү их мөнгө зарцуулахаар байна.
Америкийн фермерүүдийн холбооны мэдээлснээр Талархлын баярын гол хүнсний бүтээгдэхүүний үнэ 2025 оныхоос 6 хувиар өсжээ. Тэр дундаа цацагт хяруулын үнэ эрэлт, экспортын хэрэгцээ нэмэгдэж, нөөц багассантай холбоотойгоор 10 гаруй хувиар өссөн байна.
Түүнчлэн гахайн утсан мах, сүү, талх, амтат төмс, цангис жимс зэрэг баярын ширээний бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ.
“Time” сэтгүүлд мэдээлснээр энэ жил АНУ-д 10 хүний Талархлын баярын зоогийн дундаж өртөг 58.63 ам.долларт хүрч, өмнөх оныхоос 6.3 хувиар нэмэгджээ. Энэ нь 2022 оноос хойших анхны жилийн өсөлт юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





