НЗДТГ: Таван шарын гарамд 90 метр урт явган хүний гүүрийг энэ онд ашиглалтад оруулна
Таван шарын гармын хэсэгт төмөр зам болон авто зам дээгүүр 90 метр урт, найман метр өндөр, гурван орц, гарцтай явган хүний гүүр барьж байна.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын гармын хэсэгт барьж буй явган хүний гүүрэн гарцыг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Төмөр зам болон авто зам дээгүүр барьж буй 90 метр урт, найман метр өндөр гүүр ашиглалтад орсноор иргэд замын хөдөлгөөнөөс тусгаарлагдсан орчинд зорчих боломж бүрдэх юм.
“Нүхэн гарц” төслийн захирал М.Золбоогийн мэдээлснээр гүүрний барилга угсралтын ажил 2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд эхэлжээ. Одоогоор суурийн бетон хийцийн ажлыг дуусгаж, ган дам нуруу болон металл хийцийн ажлыг үргэлжлүүлж буй аж. Дараагийн шатны барилгын материалууд ирсэн бөгөөд нэмэлт хийцүүдийг угсрах бэлтгэл ажлыг хангаж байна.
Гүүрэн гарцыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдийн тэрэгтэй эцэг, эхчүүд зорчих боломжтой налуу замтай байхаар төлөвлөсөн байна.
Уг бүтээн байгуулалтыг “Нүхэн гарц” төслийн хүрээнд БНХАУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





