Хар баасан гарагийн шуурганы өмнө Солонгосын гоо сайхны компаниудын хувьцааны ханш өсөлт үзүүллээ
Дэлхийн зургаан улсын “Amazon” платформд Солонгосын арьс арчилгааны брэндүүд борлуулалтаараа тэргүүлсэн нь салбарын хувьцаануудад хүчтэй түлхэц боллоо. Пүрэв гарагийн арилжаагаар “Kolmar Korea” 5.

Дэлхий нийтийг хамарсан Хар баасан гарагийн хямдралтай худалдаа эхлэхийн өмнөхөн олон улсын зах зээлд Солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүний эрэлт оргилдоо хүрч, улмаар тус улсын гоо сайхны салбарын томоохон тоглогчдын хувьцааны ханш огцом өслөө.
Пүрэв гарагийн арилжаагаар Өмнөд Солонгосын гоо сайхны салбарын тэргүүлэгчдийн хувьцаа жигд ногоон бүсэд арилжаалагдаж байна. Тодруулбал, салбарын гол үйлдвэрлэгч болох “Kolmar Korea” компанийн хувьцааны ханш 5.46 хувиар цойлсон бол гоо сайхны технологийн “APR”-ийнх 3.77 хувиар ахиж, “Cosmax”-ийнх 2.91 хувиар өссөнөөр хөрөнгө оруулагчдын итгэл сэргээв.
Энэхүү ханшийн өсөлтийн ард цахим худалдааны аварга “Amazon” платформ дээрх хэрэглэгчдийн бодит худалдан авалт голлон нөлөөлж буй. Үнэт цаасны “Meritz Securities” компанийн судалгаанаас харахад, “APR”, “Biodance”, “Illiyoon”, “Anua” зэрэг Солонгосын арьс арчилгааны брэнд лхагва гарагийн байдлаар олон улсын зургаан өөр зах зээлийн “Amazon” платформд хамгийн өндөр эрэлттэй бүтээгдэхүүний жагсаалтыг борлуулалтаараа тэргүүлжээ. Энэ нь “K-Beauty” буюу Солонгос гоо сайхны давалгаа зөвхөн Азийн бүс нутгаас хальж, өрнөдийн хэрэглэгчдийн дунд баттай байр суурь эзэлсний тод илрэл болов.
Ялангуяа “APR” компанийн хувьцааны ханш зах зээлийн ерөнхий хандлагаас эрс ялгарч, энэ долоо хоногт л гэхэд 28 хувиар үсрээд байна. Энэ тоо нь Өмнөд Солонгосын голлох Kospi индексийн мөн үеийн гүйцэтгэлээс даруй 30.65 нэгж хувиар давсан үзүүлэлт юм.
Хэдийгээр баярын улирлын худалдаа дөнгөж эхэлж байгаа ч хөрөнгө оруулалтын банкууд тус салбарын ирээдүйг өөдрөгөөр харж байна. “Meritz Securities”-ийн шинжээчдийн дүгнэж буйгаар “APR”-ийн хувьцааны өсөлтийн эрч оны эцэс хүртэл тогтвортой үргэлжлэх төлөвтэй буй бөгөөд 2027 оны эхний улиралд бизнесийн сэргэлт, ашигт ажиллагаа улам бүр эрчимжих хүлээлттэй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





