ОХУ-д ажлын нэрийдлээр хууртагдан цэрэгт татагдсан гэх 21 настай иргэний тухай мэдээлэл гарлаа
Mpress.mn-д ярьсан И.Б гэх залуу гадагш гарах эрхгүй барилгад байгаа бөгөөд буцахын тулд 1.35 сая рубль нэхэж байна гэжээ. ГХЯ ОХУ-ын цэргийн гэрээтэй холбоотой 10 орчим иргэний асуудал бүртгэгдсэнийг өмнө нь мэдээлсэн.

ОХУ-д ажил хийх нэрийдлээр хууртагдаж, Украины дайнд татагдсан гэх Монгол Улсын 21 настай иргэний тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд өргөн тархаж байна. Mpress.mn сайт 11 дүгээр сарын 25-нд И.Б гэх залуугийн өөрийнх нь ярианд тулгуурласан сурвалжлага нийтэлжээ.
«Гадагш гарах эрхгүй»
Mpress.mn-ийн мэдээлснээр И.Б ОХУ-д очсон даруйдаа цэргийн бэлтгэлд хамрагдаж, сар гаруйн хугацаанд буу, минатай бэлтгэл сургуулилт хийсэн гэнэ. Одоо тэрбээр «хорих лагер мэт» барилгад байгаа бөгөөд гадагш гарах эрхгүй, гарахад нь цэрэг дагалддаг гэж ярьжээ. Нөхцөл байдлаа ойлгоод Консулын газарт хандаж, гэртээ буцах хүсэлт гаргасан ч түүнээс 1 сая 350 мянган рубль нэхсэн бөгөөд төлбөрөө төлсөн ч буцаах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Ар гэрийнхэн нь төлбөрийг төлөхийн тулд байшингаа худалдахаар бэлтгэж байгаа аж.
Залуугийн хэлснээр тэнд Монгол Улсын гурван иргэн байсан бөгөөд тэдний нэг нь фронтод гарсан гэнэ. Эдгээр нь И.Б болон түүний ар гэрийн мэдээлэл бөгөөд төрийн байгууллагаас албан ёсоор баталгаажуулаагүй байна.
⭕️Орос Улсад ажил хийлгэх нэрийдлээр хуурч, дайнд татагдсан Монгол Улсын 21 настай иргэн хорих лагер мэт барилгад гацаж, аюултай нөхцөл байдалд байна Монгол Улсын 21 настай иргэн И.Б нь Орос улс, Украйны дайнд татагдаж, яг одоо тухайн улсад байрлах хорих лагерт мэт барилга дотор
Цааш унших1 хариултыг X дээр уншихГХЯ: 10 орчим иргэний асуудал бүртгэгдсэн
Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа 11 дүгээр сарын 23-нд мэдээлэл хийхдээ ОХУ-д өндөр цалинтай жолоочоор ажиллахаар явсан Д.Эрдэнэмөрөнгийн ар гэр нийгмийн сүлжээнд мэдээлэл тараахаасаа өмнө яаманд албан ёсоор хандсан гэж хэлжээ. Үүний дагуу Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан ОХУ-ын Батлан хамгаалах яам, Цэргийн прокурорын газарт хандаж, хэлний бэрхшээлээс болж гэрээнд санамсаргүй гарын үсэг зурсан иргэнийг буцааж өгөхийг хүссэн байна гэж LiveTV.mn, Dobu.mn мэдээлсэн.
ГХЯ-ны мэдээлснээр ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны гэрээтэй холбоотой нийт 10 орчим иргэний асуудал бүртгэгдсэнээс ихэнхийг нь гэрээг нь цуцлуулж, эх оронд нь буцаажээ. Монгол Улсын иргэд фронтод шууд байлдаж байгаа гэсэн батлагдсан мэдээлэл одоогоор байхгүй ч гэрээ байгуулсан иргэд байгааг яам дурдсан юм. Тоймыг бэлтгэх хүртэл ГХЯ И.Б-гийн асуудлаар тусгайлан мэдээлэл хийгээгүй байна.
Сэрэмжлүүлэг
ГХЯ болон гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газрууд 11 дүгээр сарын 2-нд олон нийтэд сэрэмжлүүлэг гаргаж, нийгмийн сүлжээгээр тараагддаг өндөр цалинтай тээврийн жолооч, тогооч зэрэг ажлын зарын цаана иргэдийг цэргийн ажиллагаанд татан оролцуулах зорилготой залилан нуугдаж байж болзошгүйг анхааруулсан. Ийм эрсдэлд орсон гэж үзвэл нийгмийн сүлжээнд хандахаас өмнө ГХЯ болон тухайн улс дахь Элчин сайдын яам, Консулын газарт албан ёсоор хандахыг яам зөвлөж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





