102 жилийн өмнөх 16 цаг 17 минут: Монголын түүхийг өөрчилсөн шийдвэр
1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны 16 цаг 17 минутад Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд найрамдах улсаа тунхаглажээ.

1924 онд Монголын төрийн түүхэнд шинэ хуудас нээгдэж, Улсын анхдугаар их хуралд оролцсон 77 төлөөлөгч зургаан бүлэг, 50 зүйл бүхий анхдугаар Үндсэн хуулийг санал нэгтэй баталж, Монгол Улсыг бүгд найрамдах засаглалтай улс болохыг тунхаглажээ.
Үүнээс хойш 102 жил өнгөрч, тэрхүү өдөр гаргасан шийдвэрийн утга учир өссөөр байна.
Монголчуудын төр улсаа сэргээн байгуулах XX зууны тэмцэл 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд үр дүнд хүрч, Манж Чин улсын эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо тунхагласан боловч тусгаар тогтнолоо зарлах нэг хэрэг, түүнийгээ хадгалж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх нь өөр хэрэг байв.
1921 оны хувьсгал тусгаар тогтнолыг сэргээн бататгах дараагийн алхам болсон бол 1924 онд төрийн байгуулал, засаглалын хэлбэрээ бичмэл Үндсэн хуулиар тодорхойлжээ.
18 хуудас бичиг, 72 хуудас тайлбар
Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах ажил 1922 онд эхэлжээ. Тухайн үед ОХУ, АНУ, Япон, Бельги зэрэг улсын Үндсэн хуулийг орчуулан судалж байсан түүхтэй.
Өдгөө анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, түүний зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас баримт Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.
Улс тунхагласны баярыг тэмдэглэхийн утга учир
Өнөөдөр бид төлөөлөгчөө сонгох, үзэл бодлоо илэрхийлэх, өмч хөрөнгө эзэмших, төрийн шийдвэрт шүүмжлэлтэй хандах эрхтэй. Эдгээр эрхийн өнөөгийн баталгаа нь 1992 оны Үндсэн хууль боловч төрийг хуулиар зохицуулах, төрийн эрхийг ард түмэнд эдлүүлэх үзэл санааны түүхэн нэгэн суурь нь 1924 онд тавигджээ.
Тусгаар тогтнол гэдэг зөвхөн хил хязгаар, төрийн далбаа, сүлд дуулал биш. Харин улс орон хувь заяагаа өөрөө шийдэх, эдийн засгийн бодлогоо тодорхойлох, иргэд нь төрийн үйл хэрэгт оролцох боломж юм. Улс тунхагласны баярыг тэмдэглэхийн учир нь өнгөрсөн үеийг магтан дуулахдаа бус, өнөөдрийн эрх, эрх чөлөө ямар түүхэн замналаар бий болсныг ойлгож, ирээдүй хойч үедээ өвлүүлэх юм.
102 жилийн өмнө монголчууд төрийн эрх мэдэл ард түмэнд байх зарчмыг анхдугаар Үндсэн хуулиараа тунхагласан бол тэрхүү зарчмыг амьдралд хэрэгжүүлэх нь үе үеийн монголчуудын өмнө тавигдах үүрэг хэвээр байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





