Өмнөд Солонгосын Төв банк бодлогын хүүгээ 3.25 хувьд хүргэн нэмэгдүүллээ
Өмнөд Солонгосын Төв банк эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, инфляц зорилтот түвшнээс өндөр буй учир бодлогын хүүг гурван хувиас 3.25 хувьд хүргэж өсгөлөө.

Өмнөд Солонгосын Төв банк пүрэв гарагт эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаатай холбоотойгоор бодлогын хүүг гурван хувиас 0.25 хувиар нэмэгдүүлэн 3.25 хувьд хүргэснээ мэдэгдлээ.
Уг шийдвэр зах зээлийн таамагтай дүйж буй ба “Reuters” агентлагийн санал асуулгад хамрагдсан 34 эдийн засагчийн 32 нь бодлогын хүүг өсгөнө хэмээн таамаглаж байв.
Хиймэл оюуны дэд бүтцийн хөрөнгө оруулалт эрчимжсэнээр Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн экспорт энэ оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс бараг гурав дахин өссөн байна. Үүнтэй холбоотойгоор Төв банк эдийн засгийн өсөлтийн энэ оны төлөвийг 3.3 хувиас өссөн 3.9 хувь болгосон бол ирэх оныхыг 2.9 хувиас нэмэгдүүлэн 4.1 хувь болгожээ.
Харин инфляц энэ онд дунджаар 2.7 хувьд хүрэх бол ирэх онд 2.4 хувь байх төлөвтэй байгаа нь Төв банкны хоёр хувийн зорилтот түвшнээс давсан үзүүлэлт болж байна. Эдийн засагчдын төсөөллөөр Өмнөд Солонгосын Төв банк бодлогын хүүг 2027 оны эхний улиралд дахин нэмэгдүүлж, 3.5 хувьд хүргэх төлөвтэй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





