Японд дата төвүүдийн эрчимтэй бүтээн байгуулалт иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна
Японы нийт дата төвийн 60 орчим хувь нь 37 сая хүн амтай Токио хотын “метрополитан” буюу хүн ам шигүү суурьшсан бүсэд төвлөрчээ.

Хиймэл оюуны технологийн хөгжлийг даган Японд дата төвийн бүтээн байгуулалт эрчимжиж байгаа ч оршин суугчдын амьдрах орчин, аюулгүй байдалтай холбоотой маргаан гаарч байна. Салбарын сул зохицуулалт болон улс төрийн тогтвортой байдал нь Японыг дата төвийн хөрөнгө оруулалт татах таатай зах зээл болгожээ. Гэвч хүн ам шигүү суурьшсан бүсэд дата төвийн томоохон байгууламжууд сүүндэрлэх болсныг иргэд эсэргүүцэж, зарим нь шүүхэд хандаад байна. Токио хотын зүүн хойд хэсэгт орших Кашива хотод Хонконгийн хөрөнгө удирдлагын “PAG” компанийн 31 метр өндөр хоёр дата төв үйл ажиллагаа явуулж буй аж. Уг байгууламжийн нөөц цахилгаан үүсгүүрүүдийг турших үеэр хар утаа, түлшний үнэр, хүчтэй дуу чимээ гардаг талаар оршин суугчид гомдол гаргажээ. Компанийн зүгээс дуу чимээ тусгаарлах хаалт суурилуулж, цахилгаан үүсгүүрийн туршилтын цагийг хязгаарласан гэдгээ мэдэгдсэн ч иргэдийн гомдол зогссонгүй.
Иргэд дата төвийн барилгын зөвшөөрлийг шүүхэд өгчээ Үүний зэрэгцээ Токиогийн Кото дүүрэгт Сингапурын “Empyrion Digital” компани 51 метр өндөр дата төвийг 2029 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Уг байгууламжийн барилгын талбай өрхийн орон сууцнаас ердөө 3.7 метрийн зайд байрлах бөгөөд газар доор 1.2 сая литр хүнд түлш хадгалахаар төлөвлөжээ. Тус бүс нь үер болон газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэйд тооцогддог. Харин Инзай хотын оршин суугчид 32 мегаваттын хүчин чадалтай дата төвийг оффисын барилгын ангиллаар зөвшөөрсөн нь буруу гэж үзэн шүүхэд ханджээ. Үл хөдлөх хөрөнгийн зөвлөх үйлчилгээний “JLL” компанийн тооцоолсноор Японы дата төвийн зах зээлийн орлого 2024 онд 23.4 тэрбум ам.доллар байсан бол 2030 онд 33.4 тэрбум ам.долларт хүрч, жилд дунджаар 6.7 хувиар өсөх төлөвтэй байна. Японы Засгийн газар иргэд болон дата төвийн бүтээн байгуулагчдын хооронд үүсч буй маргааныг цэгцлэх үүднээс салбарын үйл ажиллагааны төлөвлөгөөг 2026 оны эцэс гэхэд эцэслэхээр ажиллаж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





