15 аймгийн 105 суманд зудын эрсдэл өндөр байна: Нийт малын 5.4 хувийг даатгалд хамруулжээ
Монгол орны нутгийн 26 хувьд нь зудын эрсдэл их болон нэн их байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас урьдчилан тооцоолжээ. Улсын хэмжээнд 205.3 мянган малчин өрх 61.09 сая толгой малд 1.

Монгол орны нийт нутгийн 50 хувьд энэ жил зуншлага гандуу байсан бол өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 47.5 гаруй хувьд хэтэрсэн тухай салбарын яам онцоллоо. Цаг уур, орчны шинжилгээний газрын арваннэгдүгээр сарын зудын эрсдэлийн урьдчилсан төлөвөөр 15 аймгийн 105 суманд зудын эрсдэл их болон нэн их байгааг тогтоожээ. Харин малчдын өвс, тэжээлийн бэлтгэл, орон нутгийн аюулгүйн нөөц, малын хашаа, саравчны хүрэлцээ зэрэг байдлаар улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 89 хувьтай байна.
61 сая гаруй толгой мал өвөлжинө
Улсын хэмжээнд 205.3 мянган малчин өрх 61.09 сая толгой малд 1.5 сая тонн хадлан, 49.7 мянган тонн сүрэл, 105.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл бэлтгэжээ.
Үүнээс гадна Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 21.3 мянган тонн өвс, 6.6 мянган тонн тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлсэн байна.
Улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрийн хүрээнд 657 худаг, уст газрыг ашиглалтад оруулснаар 3,285 малчин өрхийн 1.9 сая толгой малын усан хангамжийг сайжруулжээ.
Малын 5.4 орчим хувийг даатгалд хамруулжээ
Мал сүргийг зудын болон гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор 17.5 мянган малчин өрхийн 3.3 сая толгой малыг даатгалд хамруулсан байна. Бэлчээрийн даац хэтэрч, зудын эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд малын хорогдлоос үүдсэн санхүүгийн эрсдэлийг бууруулах даатгалд хамрагдах байдал харьцангуй бага байгааг албаныхан анхаарууллаа. Хаврын улиралд төв суурин газрын хүн амын махны хангамжийг тогтвортой байлгах зорилгоор орон нутагт 995.6 тонн, нийслэлд 10,802.9 тонн буюу нийт 11,798.5 тонн нөөцийн мах бэлтгэх гэрээ байгуулжээ. Одоогоор 3,091 тонн махыг агуулахад төвлөрүүлээд байгаа нь гэрээт хэмжээний 26.2 хувьтай тэнцэж байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал нь ирэх хаврын махны нийлүүлэлт, хүнсний үнэ болон хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үзүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйл юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





