Угаарын хийн эрсдэл: Пийшин, яндангийнхаа хэвийн ажиллагааг шалгахыг зөвлөжээ
Халаалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор айл өрхүүд яндангаа хөөлж, зуух болон ханан пийшингийн битүүмжийг шалгах шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд санууллаа. Монгол Улсад 2023-2025 онд 8,281 хүн угаарын хийнд хордож, 146 хүн амиа алдсан байна. Өөрсдөө яндангаа хөөлөх боломжгүй болон зорилтот бүлгийн өрхүүд “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-д хандаж засвар, үйлчилгээ авах боломжтой.

Халаалтын улирал эхэлж буйтай холбоотойгоор айл өрхүүд яндангийн тортог, хөөг цэвэрлэж, зуух болон ханан пийшингийн бүрэн бүтэн байдал, битүүмжийг шалгахыг албаныхан зөвлөж байна. Яндангийн таталт муудах, зуухны сойлтыг хаах нь угаарын хий хуримтлагдах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Нийслэлийн өмчит “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянахаас гадна айл өрхийн яндан, зуухыг хөөлөх, засвар үйлчилгээ хийх, стандартын шаардлага хангахгүй ханан пийшинг буулгаж шинээр барих үйлчилгээ үзүүлдэг.
Өөрсдөө яндангаа цэвэрлэх боломжгүй болон зорилтот бүлгийн өрхүүд тус төвийн 7011-9410 дугаарт дуудлага өгч үйлчилгээ авах боломжтой.
Сүүлийн гурван жилийн статистикаас харахад угаарын хийн хордлогын тохиолдол буурсан ч эрсдэл өндөр хэвээр байна. Тодруулбал, 2023 онд 3,184 хүн угаартаж, 63 хүн амиа алдсан бол 2024 онд 2,830 хүн хордож, 53 хүн нас баржээ. Харин өнгөрсөн онд угаарын хийн хордлогын 2,267 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амиа алдсан байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





