Хамгийн зөвийг сонгох гэж тэмүүлэхийн сөрөг тал
Хамгийн зөв сонголтыг заавал олох гэсэн хандлага нь шийдвэр гаргалтыг сааруулж, сэтгэлзүйн дарамтыг нэмэгдүүлдэг. Burning Glass Institute-ийн 2025 оны тайланд 2022–2024 оны АНУ-ын 6.

“Би хамгийн зөв сонголтыг хийх ёстой...” гэсэн бодол шийдвэр гаргах мөчид төрөх нь түгээмэл. Гэвч бүх хувилбараас цорын ганц төгс сонголтыг олохыг зорих тусам шийдвэр гаргалт удааширч, сэтгэлзүйн дарамт нэмэгдэж болзошгүй. Сонголт бүрийн давуу болон сул талыг эцэс төгсгөлгүй харьцуулах нь хангалттай сайн хувилбарыг хүлээн зөвшөөрөхөд саад болдог. Ингэснээр хүн шийдвэрийн үр дүнгээс илүүтэйгээр буруу сонголт хийхээс айж, дараагийн алхмаа хойшлуулах эрсдэлтэй.
Энэ хандлага хөдөлмөрийн зах зээлд ч зөрчил үүсгэж болно. Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээллээр хамгийн хурдан өсөж буй 20 мэргэжлийн 70 хувьд шүүн тунгаах, шийдвэр гаргах чадварыг чухал зөөлөн ур чадварт тооцжээ. ResumeNow-ийн 11 дүгээр сарын 12-нд нийтэлсэн тайланд мөн шийдвэр гаргалтыг эрэлттэй мэргэжлүүдийн чухал ур чадварын нэгээр дурдсан байна. Харин шийдвэр бүрийг алдаагүй, төгс гаргах ёстой гэж үзэх нь ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай шийдэмгий байдлыг сулруулж, сонголт хийх үйл явцыг өөрөө дарамттай болгоно.
Burning Glass Institute-ийн 2025 оны тайланд 2022–2024 оны АНУ-ын 6.8 сая гаруй ажлын зарын 41 хувьд шийдвэр гаргалтыг дурджээ. Тус байгууллагын 2025 оны 11 дүгээр сарын тайланд шийдвэр гаргалт, асуудал шийдвэрлэх, эрсдэлийн шинжилгээ, стратегийн сэтгэлгээ нь хиймэл оюуны эрин дэх эдийн засгийн өндөр үнэ цэнтэй хүний чадваруудын нэг гэжээ. Гэхдээ шийдвэр гаргалтын үнэ цэнэ нь бүхнийг урьдчилан тооцоолж, эргэлзээг бүрэн арилгасанд бус, тодорхой бус нөхцөлд боломжит хувилбараас сонголт хийж чаддагт оршино. Тиймээс чадварлаг шийдвэр гаргагч байх нь үргэлж хамгийн зөвийг олох бус, нөхцөлд тохирох шийдлийг цагт нь сонгохыг ч мөн хэлнэ.
Барри Шварцын судалгаагаар бүх хувилбараас цорын ганц төгс сонголтыг эрэлхийлэгчид хангалттай сайн сонголтыг хүлээн зөвшөөрөгчдөөс илүү харамсал, сэтгэл гутрал мэдэрдэг байна. “Төгс сонголт хийхгүй бол ажлаасаа халагдаж, нэр хүндээ алдана, Брэд миний өрөөг авна...” гэх мэт бодол нь нэг шийдвэрийг хэт том аюул мэт харахад хүргэж болно. Аарон Бек, Жудит Бекийн танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээний судалгаагаар туйлширсан бодол, хамгийн муу хувилбарыг төсөөлөх нь архаг түгшүүрийг өдөөдөг. “Би зөв сонголтыг хийх ёстой” гэх шаардлага ийнхүү бодит нөхцөлөөс давсан хүлээлт болон хувирч, сонголтын дарамтыг улам нэмэгдүүлдэг.
Үүний эсрэгээр сэтгэлзүйн уян хатан байдал нь бодлоо нөхцөлд тохируулан өөрчилж, төлөвлөгөөгөө шуурхай шинэчлэх чадварыг хэлнэ. “Төлөвлөгөөний дагуу явахгүй бол би хэрхэн чиглэлээ өөрчлөх вэ?” гэж асуух нь төгс үр дүн шаардахаас илүү бодитой байр суурь бий болгоно. Уян хатан сэтгэж, төлөвлөгөөгөө нөхцөлд тохируулан өөрчлөх чадвар нь түгшүүрийг бууруулж, дарамттай үед тэсвэрлэх чадварыг дэмжинэ. Эцсийн дүндээ сайн шийдвэр гэдэг эргэлзээгүй гаргасан шийдвэр биш, боломжит мэдээлэлд тулгуурлан гаргаад, шаардлагатай үед засаж чаддаг шийдвэр юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





