АНУ-ын Хууль зүйн яам ажилтнууддаа хиймэл оюуныг “супер оюун” гэж нэрлэхийг, тэр дундаа шүүхэд ч мөрдөхийг үүрэг болголоо
Хууль зүйн сайдын орлогчийн үүрэг гүйцэтгэгч Трент МакКоттерын санамж бичгээр ажилтнууд “artificial intelligence/AI”-ийн оронд “super intelligence/SI” гэсэн нэр томьёог хэрэглэх ёстой бөгөөд энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын 9 дүгээр сарын 29-ний зарлигийг хэрэгжүүлэх алхам юм.

АНУ-ын Хууль зүйн яам 10 дугаар сарын 6-ны мягмар гарагт ажилтнууддаа уг технологийг ихэнх тохиолдолд, тэр дундаа шүүх дээр ч “artificial intelligence” (хиймэл оюун) биш “super intelligence” (супер оюун) гэж нэрлэхийг үүрэг болгосон санамж бичиг гаргасныг Reuters мэдээллээ.
Хууль зүйн сайдын орлогчийн үүрэг гүйцэтгэгч Трент МакКоттерын гаргасан уг шийдвэрээр ажилтнууд олон нийтэд хандсан мэдээлэл, бодлогын баримт бичиг болон бусад албан бүртгэлдээ “AI”-ийн оронд “super intelligence” ба “SI” гэсэн нэр томьёог “хуулиар зөвшөөрөгдөх дээд хэмжээнд” хэрэглэх ёстой. NBC News-ийн эх сурвалжуудын хэлснээр “Super Intelligence” гэсэн гарчигтай уг санамж бичигт “Энэхүү шийдвэр шаардлагатай тохиолдолд шүүхэд гаргах баримт бичигт мөн хамаарна” гэжээ.
Санамж бичиг нь Ерөнхийлөгч Дональд Трампын 9 дүгээр сарын 29-нд гарын үсэг зурсан 14434 дугаар зарлиг буюу “Супер оюуны эринийг нээх тухай” шийдвэрийг хэрэгжүүлж буй хэрэг юм. Цагаан ордны нийтэлсэн зарлиг-аар гүйцэтгэх засаглалын байгууллагууд албан захидал, олон нийтэд хандсан мэдээлэл, вэб сайт, тайлан, бодлогын баримт бичиг болон хуульд хамааралгүй бусад баримтад “Super Intelligence”, “SI” гэсэн нэр томьёог хэрэглэнэ. Харин өмнө гаргасан дүрэм журам, Ерөнхийлөгчийн шийдвэр, гэрээ, тэтгэлэг болон бусад түүхэн баримт бичгийг өөрчлөхийг шаардахгүй.
Зарлигт одоогоор шинэ нэр томьёо нь АНУ-ын хуульд тусгагдсан “хиймэл оюун”-ы тодорхойлолтод хамаарах технологи, системүүдийг л хамруулна гэж заасан. Мөн Ерөнхийлөгчийн шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан туслахад 60 хоногийн дотор “Супер оюун”-ы холбооны түвшний тодорхойлолтыг тогтоох хуулийн төслийн санал, түүний дотор одоогийн хуулийн тодорхойлолтыг өөрчлөх эсвэл орлох эсэх үнэлгээг Ерөнхийлөгчид хүргүүлэх үүрэг өгсөн. Цагаан ордны зүгээс шинэ нэр томьёо нь тэргүүн шугамын системүүдийн хурдацтай хөгжиж буй чадамжийг илүү оновчтой илэрхийлнэ гэж тайлбарлажээ.
Reuters-ийн тэмдэглэснээр, аюулгүй байдлын асуулт дагуулсан хакерын халдлагуудын дараа хиймэл оюуны талаарх олон нийтийн хандлага сөрөг болж байгаа юм. Трамп уг технологийг шинээр зохицуулахыг эсэргүүцсээр ирсэн ч шаардлагатай бол Хууль зүйн яам түүнийг хязгаарлана гэж мэдэгдэж байсан.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





