egov.mn
GovernmentAutomated

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

Share
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэтай /2026.09.29/ Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал манай улсын ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар ямагт өндөр ач холбогдол өгдөг болохыг илэрхийлэв. Мөн Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад Япон Улсын үе үеийн Засгийн газар тууштай дэмжиж ирснийг талархан тэмдэглэсэн юм. Япон Улс нь олон улсын энх тайван, тогтвортой байдал, хамтын хөгжилд энх тайванч улсын хувиар оруулж ирсэн хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлдгийг хэллээ.

Талууд хоёр улсын харилцаа эдүгээ “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг сайшаан тэмдэглээд уг түншлэлийн “Хамтарсан мэдэгдэл”-д туссан зорилт, зарчмуудыг тууштай баримталж, “Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөр”-ийг цаашид бодит агуулгаар баяжуулан хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлж буй “Ногоон чөлөөлөлт”, Япон Улсын Засгийн газраас дэвшүүлж буй ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүч болон газрын тосны агуулах сав барих зэрэг чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа талууд тэмдэглэлээ. Японы Засгийн газрын шинэчилсэн “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н санаачилгын хүрээнд хамтран ажиллах боломжийн тухай санал солилцов.

Албан ёсны хэлэлцээ эхлэхийн өмнө хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийг Япон Улсын Засгийн газрын хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, Сангийн сайд З.Мэндсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар төслийн “Солилцох ноот бичиг” (E/N)-ийг солилцлоо.

Хоёр улсын хоорондын бүхий л түвшний айлчлал, яриа хэлэлцээний агуулгыг баяжуулж, эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дорвитой татах, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхийн төлөө Засгийн газар хооронд Давхар татварын хэлэлцээр болон Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахын ач холбогдлыг харилцан нотлов. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөж, ялангуяа Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Төлөөлөгчийн газрыг нээхэд бэлэн байгаагаа Японы тал илэрхийллээ.

Манай улсын боловсролын салбарт сайн жишиг болон тогтож, үр дүнтэй хэрэгжиж буй Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах эрмэлзлээ нотлов.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2027 онд тохионо. Энэхүү ойг өргөн хүрээнд ёслол төгөлдөр тэмдэглэж, хоёр улсын найрамдал, нөхөрлөлийг улам бататган ажиллахад санал нэгдлээ.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар дэлхий дахинаа геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, ээдрээтэй энэ цаг үед манай хоёр улс харилцан ойлголцож, нягт хамтран ажиллахын чухлыг онцолж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов. Мөн НҮБ болон олон талт, бусад чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 оны аравдугаар сард “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг Монголын тал уламжилж, Япон Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг хүсэв.

Японы тал Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

Яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болж өндөрлөлөө.

Share

Related articles

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ | egov.mn