Ардчилсан Намын улс төрийн зөвлөл Н.Учралын Засгийн газрыг огцруулах чиглэл өгчээ
Ардчилсан Намын Улс төрийн зөвлөл Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах байр сууриа дахин илэрхийллээ. Тус нам Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж, парламентын түвшинд шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Улс төрийн зөвлөл мөн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан Намын бүлэгт холбогдох чиглэл өгчээ.

Ардчилсан Намын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах байр сууриа дахин илэрхийллээ. Хурлаар мөн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ дахь намын бүлэгт тодорхой чиглэл өгсөн талаар намын дарга О.Цогтгэрэл мэдээлэв.
Намын даргын хэлснээр Ардчилсан Нам одоогийн Засгийн газар огцрох ёстой гэсэн байр суурьтай хэвээр байна. Үүнийг парламентын түвшинд шийдвэрлэх нэг гарц нь Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулах гэж үзжээ.
Намын удирдлага энэ талаар “Ерөнхий сайд өөрөө өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирж, асуудлаа шийдүүлэх ёстой" гэдгийг онцолж, "Уг асуудлыг оруулж ирэхийг шаардан ажиллах чиглэлийг Улс төрийн зөвлөлөөс бүлэгт өглөө” хэмээн мэдэгдэв.
Ардчилсан Нам өмнө нь ч Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д тавьж байсан удаатай. Тус намын удирдлага энэ талаар “Манай намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнгөрсөн хавар өргөн барьж байхад улсын төсөв 1.4 их наяд төгрөгөөр тасарчихсан байсан” хэмээн хэллээ.
Үүний зэрэгцээ Ардчилсан Намын улс төрийн зөвлөл 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцжээ. Одоогоор Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулах эсэх талаар Засгийн газраас шийдвэр гаргасан тухай мэдээлэл гараагүй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





