Асгатын мөнгөний орд руу Монголын нутгаар шууд хүрэх 2.6 км зам ашиглалтад оржээ
Далайн түвшнээс дээш 2600-3100 метрийн өндөрт тавьсан зам нь 4-11 метрийн өргөнтэй, зарим хэсэгтээ 18 метрээс доош гүн ухмалтай, 20 гаруй огцом эргэлттэй.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт, Монгол-Оросын хилийн бүсэд орших Асгатын мөнгөний орд руу шууд хүрэх 2.6 км замыг ашиглалтад орууллаа. Ингэснээр жил орчим саатаад байсан ордын нэмэлт хайгуулын ажлыг үргэлжлүүлэх боломж бүрджээ.
Асгатын орд нь далайн түвшнээс дээш 2,600-аас 3,100 метрийн өндөрт, мөнх цэвдэг, эгц хад асга бүхий бүсэд оршдог. Шинээр тавьсан зам 4-өөс 11 метрийн өргөнтэй, 20 гаруй огцом эргэлттэй, зарим хэсэгтээ хамгийн багадаа 18 метрийн гүн ухмал юм.
Өнгөрсөн долоодугаар сард барилгын ажил нь эхэлсэн энэхүү бүтээн байгуулалтыг “Билигт инженеринг” болон “Хавай инженеринг” компанийн түншлэл гүйцэтгэжээ.
Хайгуулын ажил яагаад саатсан бэ?
Төрийн өмчит хөрөнгө оруулалтын “Чингис хаан баялгийн сан нэгдэл” компани Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлын хүрээнд нөөцийг олон улсын ЖОРК стандартаар баталгаажуулах нэмэлт хайгуулыг өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн.
Төслийн хүрээнд нарийвчилсан геологийн зураглал, гадаргын өрөмдлөг, далд өрөмдлөгийн бэлтгэл, суваг малталт, археологи, палеонтологийн судалгаа болон далд нэвтрэлтийн ажил хийж байсан бөгөөд нийт гүйцэтгэл 60 хувьд хүрээд саатсан аж.
Өндөр уулын нөхцөлөөс шалтгаалан геологичид ордод хүрэхдээ ОХУ-ын нутаг дэвсгэрээр нэвтэрч, ойролцоогоор 800 метр зам туулдаг байжээ. Харин өнгөрсөн оны есдүгээр сарын 22-ноос тухайн хэсгээр хил хамгаалалтаас бусад зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаар хайгуулын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Үүний дараа “Чингис хаан баялгийн сан нэгдэл” нэмэлт хайгуулыг дуусгах, цаашид ордыг ашиглалтад оруулахад шаардлагатай тогтвортой гарцыг бүрдүүлэх зорилгоор Монголын нутаг дэвсгэрээр шууд хүрэх зам барихаар шийдвэрлэжээ.
Ордод хүрэх дотоодын гарцтай болсноор юу өөрчлөгдөх вэ?
Шинэ зам ашиглалтад орсноор Асгатын ордод хүрэхийн тулд ОХУ-ын нутаг дэвсгэрээр заавал дамжих шаардлагагүй болж байна. Ингэснээр нэмэлт хайгуулыг сэргээхээс гадна ордыг цаашид ашиглалтад оруулахтай холбоотой тээвэр, нэвтрэх гарцын нэг хязгаарлалтыг шийдвэрлэсэн гэсэн үг.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн мэдээлснээр Монголын нутаг дэвсгэрээр шууд хүрэх боломжтой болсон нь Асгатын ордын хөрөнгө оруулалтын үнэлгээнд эергээр нөлөөлөх нөхцөл бүрдүүлж байна.
Нэмэлт хайгуулын төслийн өмнө нь 60 хувьд хүрээд саатсан ажлыг үргэлжлүүлэх боломж бүрдэж, дараагийн гол зорилго нь ордын нөөцийг олон улсын ЖОРК стандартаар баталгаажуулахад ойртлоо.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





