Ази, Номхон далайн зах зээл шинэ долоо хоногийг өсөлттэй эхлүүлсэн бол Уолл Стритийн фьючерс тогтвортой байна
Японы “Nikkei 225” индекс даваа гарагийн арилжаагаар 1.7 гаруй хувиар өсч, Ази, Номхон далайн голлох зах зээлүүд шинэ долоо хоногийг эерэг эхлүүллээ.

Ази, Номхон далайн голлох индексүүд даваа гарагийн арилжааг өсөлттэй эхлүүллээ. Японы Nikkei 225 индекс 1.7 гаруй хувиар өссөлтэй байгаа бол Topix индекс 0.79 хувиар нэмэгджээ. Харин Австралийн S&P/ASX 200 индекс 0.53 хувийн өсөлт үзүүлэв.
Харин эх газрын Хятад болон Өмнөд Солонгосын голлох индексүүд бүх нийтийн амралтын өдрүүд тохиож буйн улмаас хаалттай байна.
Үүний зэрэгцээ Уолл Стрийтэд шинэ долоо хоногийн арилжаа эхлэхийн өмнө голлох фьючерсүүд ялимгүй өөрчлөлттэй арилжаалагдаж буй. Тухайлбал, аж үйлдвэрийн Dow Jones индексийн фьючерс 53 нэгж буюу 0.1 хувиар өссөн бол S&P 500-ийнх 0.1 хувиар нэмэгдлээ. Харин технологийн Nasdaq-100 индексийн фьючерс 0.2 хувиар дээшлэв.
АНУ-ын голлох гурван индекс баасан гарагт өсөлттэй хаагдсан. Dow Jones индекс 250 нэгж буюу 0.5 хувиар өсч, 51,176.46 нэгжид хүрсэн бол S&P 500 индекс 7,722.72 нэгжийн түвшинд хаагдаж, 0.7 хувиар нэмэгджээ. Мөн технологийн компаниуд давамгайлсан Nasdaq Composite индекс 1.2 хувиар өсч, 27,190.86 нэгжид хүрсэн ба арилжааны үеэр түүхэн дээд түвшнээ шинэчилсэн байна.
Баасан гарагийн арилжааны өсөлтийг технологийн салбар тэргүүлсэн бөгөөд чип үйлдвэрлэгч “Nvidia”-ийн хувьцааны ханш мөн арилжааны үеэр түүхэн дээд түвшинд хүрсэн. Хөрөнгө оруулагчид технологийн компаниудын өсөлт шинэ долоо хоногт үргэлжлэх эсэхийг ажиглаж байна.
АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж огцом өссөн нь өнгөрсөн долоо хоногт хувьцааны зах зээлийн гол эрсдэлийн нэг байв. Тодруулбал, тус улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж сүүлийн 20 гаруй жилийн дээд түвшинд хүрсэн нь компани, өрхийн санхүүжилтийн зардал улам өсөх болгоомжлолыг нэмэгдүүлжээ.
Нөгөө талд, АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн тайлан хүлээлтээс сул гарсан нь Холбооны Нөөцийн банк энэ сард бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх магадлалыг тодорхой хэмжээнд бууруулсан байна.
Эдийн засгийн томоохон үзүүлэлт харьцангуй цөөн нийтлэгдэх энэ долоо хоногт хөрөнгө оруулагчдын анхаарал Холбооны Нөөцийн банкны бодлого, геополитикийн үйл явдал болон компаниудын тайлан руу шилжих төлөвтэй буй.
“Wells Fargo Investment Institute”-ийн олон улсын стратегич Гэри Шлоссбергийн тайлбарласнаар эдийн засгийн мэдээллийн хуанли сийрэг байгаа тул зах зээл геополитик болон тусгайлсан компани, салбартай холбоотой үйл явдлуудад илүү мэдрэг байх төлөвтэй байна. Мөн тайлангийн улирал аравдугаар сарын 13-нд “JPMorgan”-ийн үр дүнгээр албан бусаар эхлэхийг онцолжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





